ОХУ-ын Владивосток хотод байнгын ажиллагаатай Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газар нээгджээ. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин Худалдааны төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс бараа, бүтээгдэхүүнээ Приморийн бүс нутаг руу, цаашлаад Владивосток боомтоор Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд руу гаргах сонирхолтой байгаа бөгөөд хоёр талын хамтын ажиллагааны ирээдүйтэй салбар зөвхөн нүүрсээр хязгаарлагдахгүй, арьс шир зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд юм. Түүнчлэн бүс нутагт хамтарсан боловсруулах үйлдвэр байгуулах, бүтээгдэхүүнээ Ази, Номхон далайн бүс нутагт экспортлох боломжийг судлах саналтай байгаагаа илэрхийлээд энэ ажилд Худалдааны төлөөлөгчийн газрын үүрэг, оролцоо их гэдгийг тодотгожээ.
Мөн өнөөдөр нээлтээ хийж буй Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газар “Транзит Монгол Улс” болох энэхүү далайцтай зорилтыг бодит ажил хэрэг болгоход тодорхой хувь нэмэр оруулна гэж найдаж байна гэж хэллээ.
Шинээр байгуулагдаж буй Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн, Монгол Улсын Худалдааны төлөөлөгч С.Түвшинтөр Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн харилцааг тэлэх, Ази, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн Монголын экспорт импорт, транзит тээврийн урсгалыг нэмэгдүүлэхэд гүүр болон ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Приморийн мужид байнгын ажиллагаатай худалдааны төлөөлөгчийн газар нээгдсэнээр цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжих, эрчимжих боломжийг бүрдүүлэх юм гэж МҮХАҮТ-аас мэдээллээ.