Орчин үед тархи угаалт хэмээх нэгэн ойлголт гарч ирсэн. Энэ тархи угаалт гэгч хэзээ анх гарч ирсэн бэ. Миний бодлоор тархи угаалт Орост анх гарсан. Орос орон хаант засаглалтай байхдаа 18-р зуунаас эхлэн 20-р зууны эхэн хүртэл европжиж хөгжиж байлаа. Гэтэл хорьдугаар зууны эхнээс хаант төрийн эсрэг хувьсгалчдын худал мэдээлэл тарж тархи угаалт эхэлсэн. Оросын сүүлчийн эзэн хаан Николай өндөр боловсролтой, гадаадын дөрвөн хэл мэддэг, их уян зөөлөн, хүнлэг сэтгэлтэй хүн байв. Гэтэл түүнийг Оросын хувьсгалчид хамгийн хатуу харгис цуст хаан хэмээн, “Искра” зэрэг хувьсгалчдын сониндоо улсын эсрэг,хаант төрийн эсрэг элдэв худал гүтгэж явуулж хамаг бурууг хаандаа чихэж байлаа. Николай хааны эхнэрийг Германы тагнуул хэмээн гүтгэж эхлэв. Оросын түүхэнд Екатерина зэрэг хатан хаан Герман үндэстэн ч гэсэн Орос оронд үлэмж их гавьяа байгуулсныг түүх гэрчилнэ. Ер нь Михайлаас эхлээд Николай хүртлэх Романовын удмын хаад 300 жилийн турш Орос орны төлөө ямар их гавьяа байгуулсныг түүх гэрчилдэг.
1917 онд большевикуудын тархи угаалтын дүнд улаан хувьсгал Орос оронд гарч большевикууд засгийн эрхийг зэвсгийн хүчээр булаан авлаа. Большевикууд 70 жилийн турш Оросын ард түмний тархийг угаав.Засгийн эрхийг Зөвлөлүүдэд, үйлдвэрийг ажилчдад, газрыг тариачдад гэсэн Лениний уриа ард түмнийг хуурсан тархи угаалт байлаа. Засгийн эрхийг большевикууд авлаа, үйлдвэрийг улс авлаа, газрыг улс авлаа. Хязгааргүй бүх эрхийг большевикууд авчээ. Ард түмэн хоосон хоцров. Өмчгүй хүн бол хэн нэгний боол л болж таарна. Зөвлөлтийн ард түмэн коммунистуудын боол болцгоов. Гучаад онд Зөвлөлтөд өлсгөлөн болж олон сая хүн үхэв. Зөвлөлт улс 1940 онд 22 000 олзлогдсон Польш офицерийг Смоленскийн ойд буудаж нүхэнд булснаа нуух гэж оролдсон.Зөвлөлт засаг Сталиний үед 20 сая иргэнээ буудаж хөнөөснөө нуух гэж оролдсон. Хятадын Маогийн коммунистууд 60 сая ард иргэдээ буудан хөнөөснөө нуух гэж оролдсон. Коммунистууд ингэж ард түмнээ сая саяар нь буудсанаа зөвтгөж бид зөвхөн хувьсгалын эсэргүүг буудсан гэдэг байлаа. Ард түмэн нь өлсгөлөнгөөр хэдэн саяар үхэж байхад Хятадын коммунистууд “Та нар феодалуудаас чөлөөлөгдсөн хамгийн жаргалтай хүмүүс” хэмээн ард түмнийхээ тархийг угааж байлаа.
Алан хядлагаа коммунистууд зөвтгөж “Бага зэргийн хэлмэгдүүлэлт” хэмээн булзааруулдаг байв.Ганц ч өмчгүй үлдсэн улаантнуудын боол болсон ард түмнээ “Та нар хамгийн эрх чөлөөтэй хүмүүс” хэмээн тархийг нь угаадаг байлаа.
Зөвлөлтийн төр засаг империалистуудын эсрэг, цагаантны эсрэг, Германий эсрэг, Америкийн эсрэг, шашны эсрэг, хөрөнгөтний эсрэг, феодалын эсрэг, өмчийн эсрэг 70 жил ард түмнийхээ тархийг амжилттай угаав. Зөвлөлтийн коммунистууд Финляндын эсрэг, Японы эсрэг, Балти орчмын улсын эсрэг, Польшийн эсрэг, Афганистаны эсрэг дайн хийж газар нутгийг нь булаан авснаа зөвтгөж байсан.Тархиа угаалгасан Зөвлөлтийн ард түмэн тэрхүү бусад улсын эсрэг хийсэн түрэмгийллийг чөлөөлөх ариун дайн хэмээн ойлгодог байлаа. Коммунистуудын тархи угаалт дэлхийн бараг талыг эзэлж, бүтэн далан жил сая, сая ард түмнийг мунхруулсан гэж бодохоор аймшиг төрмөөр.
1921 оноос эхлэн Зөвлөлтийн улаантнууд Монголыг эзлээд бидэнд хэн нь дайсан, хэн нь нөхөр гэдгийг зааж өглөө. Монголчуудын ганц нөхөр бол Зөвлөлт улс гэв. Харин дайсан бол Япон,Хятад, Америк гэлээ. Бидний түүхийг зааж “Та нар бол хамгийн их хоцрогдсон бичиг үсэггүй бүдүүлэг ард түмэн.Иймээс одоо крилл бичиг сурах хэрэгтэй” гээд бидний босоо Монгол бичгийг устгаж, 1944 онд крилл бичигт албадан орууллаа. Та нарын дайсан бол 200 жил дарласан манж нар, та нарыг мунхруулсан хүмүүс бол шарын шашныг хүчээр та нарт тулгасан түвдүүд гэлээ. Гэтэл үнэн чанартаа Монголд 200 жилийн турш нэг ч манжийн цэрэг байсангүй. Нэг ч түвд хүн Монгол хүнд шарын шашинд орохыг албадсангүй. Монголчууд бид Бурханы шашны гайхалтай үнэний сургаалийг өөрсдөө биширч Алтан хааны үед энэ шашныг ард түмнээрээ шүтдэг болсон юм. Манж, Түвд хоёр улс бол Монголчуудын найдвартай холбоотон улс байлаа. Гэтэл одоо болтол шашингүйн үзлийн тархи угаалтаар олон Монгол хүн буддын шашнаа харааж зүхсээр байна.
Зөвлөлтийн эмч нар “Монголчууд та нар тэмбүүндээ баригдсан устаж байсан үндэстэн байсан.Бид нар та нарыг улаан тариа хийж тэмбүүнээс салгасан” хэмээн сурталддаг байв.
Жар, далаад онуудад Монголд байрладаг байсан зөвлөлтийн цэргийн дарга нар орос цэргүүдэд “ Монгол бүсгүйчүүд бүгд тэмбүү өвчтэй. Иймд Монгол хүүхнүүдтэй сексийн харилцаанд орж болохгүй” хэмээн худал мэдээлэл өгдөг байсан гэнэ. Үүний балгаар Монголд алба хааж байсан Зөвлөлтийн цэргүүд Монголын сургуулийн өсвөр насны охидуудыг хүчирхийлж тэмбүү өвчнийг ихэд тараадаг байжээ.
Орос цэргийн удирдагч генерал Родченко дурсамжиндаа: “Манай зөвлөлтийн цэргүүд Монголын сургуулийн өсвөр насны охидуудыг хүчирхийлсэн хэрэг их гардаг байсан. Би тэдгээр хүчирхийлүүлсэн Монгол охидуудын эцэг, эхэд нь орос дэлгүүрийн пропуск өгч энэ хэргийг аргалдаг байлаа” гэжээ. Тархи угаалт,буруу мэдээлэл гэдэг ийм л хор хөнөөлтэй аж. Зөвлөлтийн арми 1945 онд Манжуурыг чөлөөлөөд Зөвлөлтийн цэргүүд Манж Го улсын Монгол, манж, хятад, солонгос бүсгүйчүүдийг ихэд хүчирхийлж тэмбүү өвчин тараасан нь ч бий.Энэ талаар Өвөр монголын нэгэн их эмч хүний дурсамж байдаг юм. Социализмын үед зөвлөлтийн мэргэжилтэн, зөвлөлтийн цэрэг Монголд ямар ч гэмт хэрэг хийсэн зүгээр өнгөрдөг байж. Учир нь “Зөвлөлтийн хүн бол Бурхан. Өчүүхэн Монгол хүн бол мал” гэсэн ойлголтыг коммунистууд ард түмэнд өгдөг байж .Одоо ч гэсэн ийм ойлголттой хүн Монголд зөндөө олон.
Хэдхэн жилийн өмнө Монголын нэгэн нэрт реп дуучин Оросын элчин сайдын яамны орос ажилтанд тархиа төмөр арматураар цохиулж олон хоног ухаангүй эмнэлэгт хэвтээд ухаан орохдоо “Би Зөвлөлтийн школаар явсан хүн. Би ямар ч гомдол гарахгүй. Орос Монголын найрамдалд ямар ч сэв суулгахгүй” хэмээн мэдэгдэж байлаа.Энэ бол Монголчууд бидэнд суулгасан Монгол Оросын найрамдлын тархи угаалтын үр дүн. Гэмт хэрэг үйлдсэн бол Орос, Монгол байх нь ямар ч хамаагүй. Гагцхүү гэмт хэрэгтэн хэн ч байлаа гэсэн ялаа эдлэх ёстой шүү дээ. Зөвлөлтийн улаантнууд “Монголчууд та нар зөвлөлт шиг хамтрал байгуулах хэрэгтэй” гэв.
Улмаар Цэдэнбал: “Нэгдэлжих хөдөлгөөн бол ардын хувьсгалтай тэнцэх үйл явдал” хэмээн ард түмнийхээ тархийг угааж, малчин ардын мянга мянган жилийн турш амин зуулга болсон олон сая малыг нь хурааж нийгэмчлэв. Малгүй болсон малчин ард түмэн хар цай ууж малын ашиг шимийг хүртэхээ больжээ.Цагаан идээний оронд талх иддэг болсон. Малын хамаг сүүг нь хураан авч, цөцгийн тос хийж Оросын армийн хэрэгцээг хангадаг болов.Цагаан идээ идэхээ больсон Монгол хүүхдүүдийн өсөлт муудаж шүд нь цоорч унаж байв.
1990 онд дэлхийд коммунизм нуран унаж, түүхийн хог дээр хаягдлаа. Гэвч шинээр Зөвлөлт улсын оронд гарч ирсэн Оросын Холбооны Улсын тархи угаалт яг л хуучнаараа явагдаж байна.Оросын түрэмгийлэл хорин нэгдүгээр зуунд Чечен, Грузи, Крымд явагдсан.Оросын ард түмэн тэрхүү түрэмгийллийг алга ташин дэмжсэн.Хамгийн сүүлд саяхан эхэлсэн Оросын Украинд хийсэн түрэмгийллийг Оросын хүн амын 70.0 хувь нь дэмжиж байгаа гэсэн судалгаа гарчээ. Оросын телевизээр бүтэн 24 цагийн турш “Украины нацистууд 8 жилийн турш 14 000 орос хүнийг алсан. Одоо Украины нацистууд өөрсдийнхөө иргэд, хүүхэд хөгшдийг буудан алж байна” хэмээн ухуулга хийх ажээ.
Беларусийн удирдагч Лукашенко Оросын Ерөнхийлөгч Путинтай уулзалт хийж байхдаа: “Путин та Украйныг түрүүлж довтолсон нь их зөв явдал боллоо. Ингээгүй бол Украин Беларусийг довтлох байсан юм” хэмээн хээв нэг худал ярих. Бүхэл бүтэн улсын эсрэг Оросын явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааг дайн хэмээн хэлсэн Орос хүнийг 5-10 жил шоронд хорино хэмээсэн хууль гаргажээ. Ард түмнээ зомби болгожээ. Өнөөдөр Оросын дайны балгаар Украинд 4500 энгийн хүн, 200 хүүхэд алагдаж, 5 сая хүн Украинаас дүрвэж, Маруополь хотын 90 хувь сүйрч, энэ хотын 100 000 иргэн Орос цэргийн бүслэлтэд оржээ. Бусад Харьков, Буча зэрэг олон хотууд сүйрчээ. Буча хотын 400 иргэнийг буудан алсан байна. Өнөөдөр хүүгээ Оросыг армид явуулаад тэнд цэргийн сургууль хийж байгаа гэсэн Орос цэргийн дарга нарын худал үгэнд итгэж байсан буриад эх өнөөдөр хүү Сергей Очировыгоо дайнд алуулаад шарилыг нь авах гэхэд Оросын Батлан Хамгаалах Яам нь хүүгийнх нь шарил хаана байгааг хэлэхгүй хүнд суртал гаргасан аж. Гэтэл Оросын Буриад улсын эхчүүд “Би Ерөнхийлөгч Путинд итгэж байна. Украйнд цэргийн ажиллагаа явуулах нь зүйтэй” хэмээн ярих юм гэнэ. Буриад улсын парламентийн бүх гишүүд Оросын Украинд хийж байгаа дайныг дэмжсэн тогтоол гаргажээ. Нэг ч депутат дайныг эсэргүүцээгүй аж. Авторитари дэглэмтэй улсад ард түмэн үнэн үг хэлэх эрхгүй байдгийн жишээ энэ.
ОХУ-ын Думын нэгэн гишүүн өдгөө “Монголд АНУ Украинд байсан шиг биологийн зэвсгийн лабортори байгуулахаар шийджээ” хэмээн Монголыг гүтгэж байна.Монголд нэг ч биологийн зэвсгийн лаборатори байхгүй гэдгийг дэлхий нийт мэдэж байгаа. Ганцхан Орос улс л биднийг гүтгэж байна.
Оросын тархи угаалт одоо болтол 100 жилийн турш идэвхтэй явагдсаар байгаа нь энэ. Оросын сайд нар нь АНУ болон Өрнөдийг ихэд жигшиж муу хэлэх нь инээдтэй. Учир нь Сергей Лавров, Дмитрий Медведев нарын хүүхдүүд нь бүгд АНУ-ын их, дээд сургуулийг төгсөж, АНУ-ын иргэншил авчээ. Монголд эдүгээ олон хүн Оросын тархи угаалтад итгэж, Украины дайнд Оросыг дэмжиж байна. Дэлхий нийтээрээ Оросын дайныг эсэргүүцэж байхад энэ дайныг дэмжиж байгаа Монголчууд олон байна. Монголчууд зөвлөлтийг дууриаж 70 жилийн турш Чингис хаан, Бурхан Буддагаа муучилж доромжилж ирсэн. Үе үеийн хаадууд, алтан ургийнхан, үе үеийн Богд гэгээнүүдээ муучилж лам хуврагаа доромжилж ирсэн. Үүнийхээ горыг Монголчууд их амссан даа.
Эдүгээ Монгол улс Азийн хамгийн сайн ардчилтай улс болсон хэмээн өрнөдөд үздэг. Гэтэл Монголчууд “магтсан хүүхэн хуримандаа” гэгчээр өнөөдөр өрнөдийг эсэргүүцэж авторитар улсыг дэмжиж байна. Үүнийг одоо юу гэж үзэх вэ? Тархи угаалт одоо болтол Монголчуудын дунд явагдсаар байгийн илрэл биш гэж үү? АНУ болон өрнөдийг хараадаг Монголчууд бий. Монголчуудаас 40 000 хүн АНУ-д, 50 000 хүн Өмнөд Солонгост амьдарч ажиллаж валют хурааж байна. Монголчуудын хүүхдүүд Америкийн коллеж, дээд сургуульд сурч байна. Гэтэл ажил олгосон, дэмжсэн, хүүхдийг нь сургасан Америкаа муу хэлэх нь даанч хүнлэг ёсноос гадуур юм биш үү. АНУ болон өрнөд бол дэлхийн ардчиллын тулгуур. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Оросын тархи угаалт эдүгээ явцгүй болж байна. Өнөөдөр мэдээллийн технологи өндөр хөгжсөн тул ямар ч худал мэдээлэл, тархи угаалт ирээдүйгүй болжээ. Интернет, чөлөөт мэдээллийг ард түмнээсээ нууж хаасан орон өнөөдөр дэлхийд Хойд Солонгос, Орос, Хятад, Вьетнам, Куба, Иран л байна.Нээлттэй нэг дэлхийг хааж хориглох гэсэн улс ямар ч хөгжилгүй дорой болдог. Сүүлийн үед Монголчуудын тархийг мөнгө амлаж угаах болжээ.
Олон Монгол хүн олон сая төгрөгөө хэн нэгний “Мөнгийг чинь 100 хувь өсгөж өгнө” гэсэн тархи угаалтад хууртагдаж алдаж байна. “Орон сууцны ипотек зээлийн хувийг 8 хувь болголоо, ийм бага хүүтэй зээл дэлхийн хаана ч байхгүй” гэж төр арван жилийн өмнө мэдэгдэв. Монголын ард түмэн бүгд энэ ипотекийн зээлийг баяртайгаар хүлээн авлаа.Гэтэл Япон зэрэг гадаад оронд орон сууцны зээлийн жилийн хүү нь 1 хувь байдаг аж. Монголын ипотекийн зээл 4 хувь байх боломжтой байж. Гэтэл МИК гэгч компани 8 хувийн хүүгээс 4 хувийг нь хувьдаа хүртээд 10 жил болсон байх юм.Тархи угаалт ийнхүү үргэлжилсээр байна. Тархи угаалт Оросоор дуусаг. Тархи угаалт Монголоос тонилог.
Хуульч, сэтгүүлч Доржийн СҮХБААТАР