Хийл хөгжмийн намуухан аялгуу хаалганы цаанаас эгшиглэхэд бяцхан хүү шимтэн шимтэн сонссоор унтаад өгдөг байжээ. Сэрүүн байхад нь хөвөрсөн өнөөх аялгуу зүүдний ертөнцөд нь тасралтгүй эгшиглэсээр жаал хүүгийн сэтгэл зүрх тансаг яруу эгшгээр хөглөгдсөн гэлтэй. Түүний хүсэл мөрөөдөл ч тодорхой болов. Яг л өвөө шигээ хөгжимчин болох. Хөлд орж унаж босох, хэлд орж шулганан хүүрнэхээсээ эхлээд хөг аялгуу хөглөсөн хөгжимчдийн гэрт торнисон болохоор үүнээс өөр хүсэл мөрөөдөл түүнд байсангүй. Өдөр бүр гэрээр нь зочлох Ц.Намсрайжав, Д.Лувсаншарав, Б.Дамдинсүрэн гээд Монголын хөгжмийн урлагийн ноён оргил болсон уран бүтээлчдийг харж, яриаг нь сонсож, өвөр дээр нь эрхлэн тоглохдоо өвөөгөөрөө бахархдаг байсан нь дамжиггүй. Энэ хүн бол Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай хөгжимчин, удирдаач Жамъяны Чулууны удмын гурав дахь үе Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжимчин удирдаач Ч.Чинбатын ууган хүү, морин хуурч Ч.Амарбаясгалан юм. Түүнийг энэ удаагийн “Удмын бахархал” булангийнхаа хойморт урилаа. Хүний ген гэдэг гайхалтай юм. Үеэс үед уламжлагдаж, үндэс мөчир бүрт удамшдаг бололтой.
Монголын хөгжмийн урлагт хийсэн бүтээл нь мөнх насалж, хийл хөгжмийнх нь тансаг аялгуу одоо ч үл тасран эгшиглэсээр байгаа хүн бол Ж.Чулуун агсан юм. Тэрбээр хийл хөгжмийн хаан, “Уран хас”-ын бүтээгч, алдарт “Хэнтийн өндөр ууланд” бүтээлийг эгшиглүүлэгч, олон арван сонгодог бүтээлийн удирдаач билээ.
Тиймээс Монголын хөгжмийн урлагийн ноён оргилын нэг хэмээн хүндлэн дурсагддаг гавьяатан. Харин түүний хүү Ч.Чинбат дэлхийн соёлын өдрүүдэд оролцож, Москвагийн их театрт аавтайгаа, ахтайгаа нэг тайзан дээр тоглож явсан намтартай. Аавынхаа мөнхийн бүтээл болох “Ардын хоёр дууны найруулга” гэсэн бүтээлийг эгшиглүүлж, өнөөдөр ч үйл хэргийг нь үргэлжлүүлж, амьдралынхаа 40 гаруй жилийг зориулсан Монгол Улсын консерваторидоо багшилж, үе үеийн хөгжимчдийг “төрүүлсээр” байна.
ХАМГИЙН ҮНЭТЭЙ ЭД ХОГШИЛ НЬ ХУУЧИН ТӨГӨЛДӨР ХУУР
Ийм л хүмүүсийн удмыг залгаж, урлагийн замналаар амьдарч яваа хүн нь морин хуурч Ч.Амарбаясгалан юм. Тэрбээр “Морин хуур”-ын чуулгыг үүсгэн байгуулалцаж, өөрөө морин хуурчаар ажиллаж байгаад АНУ, дараагаар нь Чех улсад мэргэжлээрээ ажиллахаар явжээ. Харин сүүлийн жилүүдэд Тувад урилгаар морины хуурын багш хийж байгаад цар тахлын улмаас эх орондоо түр ирээд байна. Түүнтэй уулзахаар цаг товлоход биднийг гэртээ урьсан юм. Хорооллын хуучин 12 давхрыг зорьж очсон нь Ж.Чулуун агсны гал голомт байв. Хаалгаар нь ороход л хананд нь түүх өгүүлсэн гэрэл зургууд өлгөөтэй.
Өвөөгийнхөө амьдарч байсан энэ л байранд өнөөдөр ач хүү нь эмээтэйгээ аж төрж байна. Ж.Чулуун агсны гэргий өдгөө 94 насны өндөрлөгт иржээ. Эмээ өвөөгийнхөө гар дээр өсөж, гал голомтод хүн болсон хүү нь өнөөдөр хөгшин ээжийнхээ ачийг хариулж, ийнхүү халамжилж буйгаа бидэнд дуулгав. Агуу удирдаачийн асаасан голомт гэж бодоход сэтгэлд нэг л дулаахан, дотно мэдрэмж төрөх. Гэрийнх нь хойморт Ж.Чулуун гуайн хуучин төгөлдөр хуур байв. Түүний сэтгэлээс урссан хөг аялгуу бүхэн энэ төгөлдөр хуураар амь ордог байжээ. Будаг нь халцарч хөг нь алдагдсан ч энэ гэрийн хамгийн үнэтэй эд хогшил гэж ач хүү нь онцолж байна. “Энэ л төгөлдөр хууран дээр алдарт Уран хасын хөгжим мэндэлсэн юм шүү” гэж Ч.Амарбаясгалан морин хуурч хуучлав.
Ч.Амарбаясгалангийн хувьд Нийслэлийн 23 дугаар сургуульд тавдугаар анги төгсөөд Хөгжим бүжгийн коллежид элсэж, Ц.Батчулуун багшийн шавь болсон юм байна. Сургуулиа дүүргээд багштайгаа морин хуурын чуулгыг үүсгэн байгуулалцаж, энэ л урлагт дурлаж, шатаж явсан амьдралын дэврүүн намтартай уран бүтээлч. Амьдралын шаардлагаар олон жил эх орноосоо хол амьдарсан ч морин хуураа орхиж зүрхлээгүй нэгэн. Очсон хот бүртээ хуураа үүрээд Монгол Улстай холбоотой бүх арга хэмжээнд оролцож, хорвоогийн жаргал зовлонг хоёрхон чавхдаст багтаадаг морин хуураа сурталчилсаар өдийг хүрчээ. Сүүлийн жилүүдэд Тувад амьдарсан тэрбээр тус улсын Үндэсний урлагийн чуулгад морин хуурчаар ажиллаж байв. Энэ хугацаандаа урлагийн сургуульд нь багшилж, олон оюутанд морин хуур заажээ. Ч.Амарбаясгалангийн хувьд 10 гаруй хүүхдийг шилж, зөвхөн морин хуурын жижиг хэмжээний чуулга хүртэл байгуулаад амжсан гэнэ. Цар тахлын аюул холдож, энх цаг ирэхээр эргээд Тувадаа ажиллах чин хүсэл тээж буйгаа бидэнд ярьж байсан юм.
Үргэлжлэлийг Зууны мэдээний албан ёсны цахим хуудас Polit.mn сайтаас уншаарай.