Зээлээ зориулалтын бусаар зарцуулсан ААН-үүдийг мөнгө угаасан хэргээр шалгуулна

2022-03-30 14:10
6203547129005

Хөгжлийн банкны чанаргүй зээлийг хэлэлцсэн хяналтын Ерөнхий сонсгол өчигдөр Төрийн ордонд бүтэн өдрийн турш болж өнгөрлөө.

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банканд нийт 9 гүйцэтгэх захирал, 9 ТУЗ ажиллажээ. Барилгын компани махны үйлдвэр байгуулах төсөл бичээд зээл авсан тохиолдол бий. Цаашид ийм алдааг дахин давтахгүй гэдгийг Хөгжлийн банкны захирал С.Мандуул онцлов. Тэрээр “Зээл авсан ААН-үүдэд дутуу хяналт тавьжээ.

Санхүүжилтийг нэг дор олгосны дараа араас нь хяналтаа тавих гэж оролджээ. Мөн ханшийн эрсдэлийг хэрхэн бууруулах талаар ААН-үүдтэй хамтран ажиллаагүй байна. Зээлээ зориулалтын бусаар зарцуулсан ААН-үүдийг мөнгө угаасан хэргээр шалгуулна. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран ажиллаж байна. Зээлүүдийг эргэн төлүүлэхэд анхаарч ажиллана. Энэ оны эцэс гэхэд чанаргүй зээлийг 12 хувьд хүргэхээр төлөвлөсөн” гэв.