Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын 23-ны өдрийн 145 дугаар тогтоолын хавсралтаар “Компанийн засаглалын кодекс” шинэчлэн батлагдлаа. Шинэчлэгдсэн кодекст манай орны нөхцөл байдал болон бусад орны сайн жишигт үндэслэн компанийн засаглалын гол субъект болох төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн бүтэц, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж, нарийвчлан заасан. Үүгээр нээлттэй хувьцаат компаниас гадна даатгагч, итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч банк бус санхүүгийн байгууллага болон хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд үйл ажиллагаандаа мөрдөхийг үүрэг болгосон нь өмнөх кодексийн хамрах хүрээг өргөжүүлжээ.
Түүнчлэн, ТУЗ-ийн хараат бус гишүүний чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг сайжруулах, зөрчлийн талаар мэдээлэх болон комплайнсын хяналтын тогтолцоог бүрдүүлэх, хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулахдаа зайны технологийг нэвтрүүлэх зэргийг үүрэгжүүлсний зэрэгцээ ТУЗ-ийн дарга, гишүүдийн олонх нь хараат бус байх, ТУЗ-ийн зүгээс гадаад болон жижиг хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэхэд нь онцгой анхаарах зөвлөмжүүд ч туссан.
Нөгөө талаас, компаниудад энэхүү кодексийг хэрэгжүүлэхэд гарын авлага болгох зорилгоор “Компанийн засаглалын кодексийг хэрэгжүүлэх хөтөлбөрийн үлгэрчилсэн загвар”-ыг боловсруулж, хавсралтаар баталсан ба компанийн ТУЗ кодексийн хэрэгжилтийг тодорхой хугацаанд арилжаа эрхлэх байгууллагад тайлагнахаас гадна жилийн үйл ажиллагааны тайлан, цахим хуудсаараа дамжуулан нийтэд мэдээлэх ажээ. Хэрэв кодексийн хэрэгжилт хангалтгүй гэж үнэлэгдсэн тохиолдолд тухайн үнэт цаасны бүртгэлийн ангилал буурах нөхцөл бүрдэхээс гадна хөрөнгө оруулагчид санхүүгийн тоон үзүүлэлтийн харьцаанаас гадна компанийн засаглал талаас нь үнэлж, шийдвэрээ гаргах чанарын үзүүлэлттэй болох юм.
“Компанийн засаглалын кодекс”-той энд дарж танилцана уу.