Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа” гэж олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах арга хэмжээний цогцолборыг хэлнэ хэмээн заасан.
Авлигатай хийх тэмцлийн гол гурван тулгуур байх бөгөөд эдгээрийн тэргүүлэх чиглэлд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх ажил зүй ёсоор тооцогдоно. Олон улсын эрх зүйд авлигын талаарх олон нийтийг ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж, авлигын жигших нийгмийн сэтгэлзүйг бүрдүүлэх нь мөрдөн шалгах, ял шийтгэхээс илүү үр дүнтэй гэж үздэг. Энэ жишгээр Монгол Улсын Их Хурлаас баталсан Авлигын эсрэг хуульд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг онцгойлон тусгасан.
Авлигын эсрэг хуулийн 5 дугаар зүйлд олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх нийтлэг үүргийг дараах байдлаар зааж өгсөн байна. Тухайлбал,
- Улсын Их Хуралд хэлэлцэгдэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн зүгээс саналаа илэрхийлэх бололцоо, нөхцөлөөр хангах;
- төрийн байгууллага авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, энэ талаархи мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг хангах;
- авлигын асуудлаар эрдэм шинжилгээний судалгаа хийх, ном, сургалт, сурталчилгааны хэрэглэгдэхүүн, сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах зэрэг ажилд сургалт, эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагуудыг оролцуулах;
- сургалтын байгууллагууд эрх зүйн болон ёс зүйн хичээлийн хүрээнд суралцагчдад авлигын нийгмийн хор аюул, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг эзэмшүүлж, түүнийг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх;
- албан бус боловсролын байгууллага болон сургуулиас гадуурх сургалт эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу авлигын нийгмийн хор аюулыг суралцагчдад тайлбарлан таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг эзэмшүүлэх;
- хэвлэл мэдээллийн байгууллага авлигын аливаа хэлбэрийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйн орчинг төлөвшүүлэхэд нийтлэл, нэвтрүүлгийнхээ бодлогыг чиглүүлэх, энэ талаар байнга мэдээлэл, сурталчилгаа явуулах.