Нийслэл, дүүрэг, 21 аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нарын цугларалт өнөөдөр Батлан хамгаалах яамнаа эхэллээ. Нийслэл, дүүрэг, аймгуудын Цэргийн штабын дарга нарын цугларалтыг 2017 оноос эхлэн 5 дахь жилдээ зохион байгуулж байна. “Батлан хамгаалах бодлогын шинэчлэлийг орон нутагт хэрэгжүүлэх зарим асуудал” сэдэвт энэ удаагийн цугларалтын зорилго Цэргийн штабын дарга нарын батлан хамгаалах бодлогын шинэчлэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлж, түүнийг орон нутагт хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм.
Цугларалтын нээлтэд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга хурандаа Ч.Гандирваа, ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Ч.Цогтжаргал болон нийслэл, дүүрэг, аймгуудын Цэргийн штабын дарга нар оролцлоо.
Бригадын генерал Д.Ганхуяг цугларалтыг нээж “Энэ удаагийн цугларалтын хүрээнд явагдах асуудал арга хэмжээ нь Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабуудын үйл ажиллагааны хөгжил, төлөвшил, орон нутаг дахь батлан хамгаалах бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, та бүхнийг шинэ мэдээ мэдээллээр хангасан, харилцан туршлага солилцсон чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй байна. “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, батлан хамгаалахын багц хуулиуд батлагдсанаас хойших хугацаанд шинэчлэгдэн батлагдсан хуулиудад нийцүүлэн батлан хамгаалах эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулан, хэрэгжүүлж байна. Ялангуяа орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэх, дайчилгааны бэлтгэлийг хангах, явуулахтай холбоотой бүхий л дүрэм, журам, норм, жагсаалтуудыг боловсруулан баталгаажуулж дууссан. Дээрх шинэчлэгдсэн эрх зүйн баримт бичгүүдийг та бүхэн өдөр тутмын ажил, албандаа байнга дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, сурталчлах ёстой” хэмээгээд цугларалтад оролцогсдод амжилт хүсэв. Мөн тэрээр Батлан хамгаалахын сайд Цэргийн штабуудын үйл ажиллагааг цахимжуулах ажлыг санаачилж, тодорхой үе шаттай хэрэгжүүлж байгаа, та бүхэн үүнийг улам төгөлдөржүүлэх ёстой. Ингэснээр цаг хэмнэх, түргэн шуурхай байх, хүнд суртал арилах зэрэг ач холбогдолтой гэдгийг онцлов.
Энэ үеэр бригадын генерал Ч.Цогтжаргал ЗХЖШ-аас хэрэгжүүлж буй “Орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах тогтолцоо” бодлогын талаар танилцууллаа. Мөн хурандаа Ч.Гандирваа бие бүрэлдэхүүнд хандан үг хэлж, зарим үүрэг чиглэлийг өгөв.
Цугларалтаар орон нутаг дахь батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, нийслэл, дүүрэг, аймгуудын ЗДТГ-ын Цэргийн штабуудын өнгөрсөн оны ажлыг дүгнэн, энэ онд дэвшүүлсэн зорилго, зорилт, хийж хэрэгжүүлэх ажил, үйл ажиллагааг хэлэлцэхийн зэрэгцээ шинээр батлагдсан “Орон нутгийн хамгаалалтын тухай” хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд орон нутгийн хамгаалалтын төлөвлөлт, сургалт бэлтгэл, удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээний талаар цугларалтад оролцож байгаа бүрэлдэхүүнд мэдээлэл өгч, харилцан санал солилцоцгоох юм.
“Батлан хамгаалах бодлогын шинэчлэлийг орон нутагт хэрэгжүүлэх зарим асуудал” сэдэвт цугларалт энэ сарын 22-28-ны өдрүүдэд Улаанбаатар хот болон Дорнод аймагт явагдах юм.