Барилга хот байгуулалтын яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хаврын бүтээн байгуулалт эхэлж байгаатай холбоотойгоор барилгын гол нэрийн бүтээгдэхүүн болох арматур, цемент, хавтан, төмрийн бүтээгдэхүүн имортыг татан авалтын талаар мэдээлэл өгөв.
Барилга хот байгуулалтын яамны дэд сайд Э.Золбоо: Барилгын гол нэрийн бүтээгдэхүүн арматур, цемент. Манай улсын жилийн арматурын хэрэглээ 250 мянган тонн. Ихэнхийг нь БНХАУ-аас импортолдог. Бид өнөөдрийн байдлаар 80 мянган тонн арматурын нөөц бэлтгэсэн. Үүний 90 орчим хувийг ОХУ-аас татан аваад байна. Цаашдаа БНХАУ-аас татан авалт хийх шаардлага бий. Хятадаас чингэлэг тээврээр бараа бүтээгдэхүүнээ татаж байна. Арматур болон зарим овор ихтэй бараа чингэлэг тээвэрт багтахгүй учраас задгай вагоноор татахаар бэлтгэл хангагдаж байна. Одоогоор төмөр замаар 1000 орчим вагон зорчуулахаар ярьж байна.. Үүний 410 вагоноор бараа татах зөвшөөрөл авсан. Гуравдугаар сард 350 вагоноор арматур татвал дахиад 20 мянган тонн нөөц бүрдэх боломжтой. Мөн ОХУ-аас худалдан авалтаа хийсэн 30 мянган тонн арматур орж ирнэ. Ингэснээр гурав, дөрөвдүгээр сард 130 мянган тонн арматурын нөөц бүрдэнэ. Жилийн нөөцийнхээ 50 хувийг бүрдүүлэх учраас хомсдол үүсэхгүй гэж харж байна. Цаашид тав, зургаа, долдугаар сард төлөвлсөн татан авалт хийгдэнэ. Цар тахал, дайны нөхцөл байдалтай байгаа ч аль болох хомсдол үүсгэхгүй байхын төлөө ажиллаж байна. Мөн цементийн хувьд хомсдол үүсэхгүй гэж харж байна. Дотоодоос бүрэн хангах боломж бүрдсэн.
Харин цементийн үнэ энэ долоо хоногоос өссөн. Үндэсний дөрвөн цементийн үйлдвэр 16-28 хувиар бүтээгдэхүүний үнээ нэмэгдүүлсэн. Тухайлбал, Мөнхийн баян гал 16, Хөтөл 24, Мак 26, Мон цемент 28 хувиар цементийн үнэ нэмсэн. Эдгээр компаниуд цементийн үнэ бодит байдалтай уялдуулан нэмсэн үү гэдгийг ШӨХТГ-аас шалгахаар болсон. Үнэхээр зах зээлийн нөхцөл байдлаас болж үнэ өссөн бол төрөөс ямар дэмжлэг үзүүлж болохыг баасан гаригт Шадар сайдад танилцуулахаар болсон. Манай яамнаас цемент үйлдвэрлэгчдээс тайлбар авахад, зах зээлийн зайлшгүй шаардлагаар өссөн гэж хэлсэн. Цементийн орц, ажиллах хүчний зардал өссөн нь голлон нөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ үнэ өсгөсөн нь бодитой эсэхийг ШӨХТГ-аас шалгаж тогтооно.
“Монголын үйлдвэрийн цемент өслөө, Хятадын цемент авна” гэж зарим иргэд, компаниуд маань ярьж байна. Гэхдээ энд нэг тайлбар хийх нь зөв. Нэгд, 2017 онд Монгол Улсад хоёр том цементийн үйлдвэр ашиглалтад орсноор маш том хувь нэмэр оруулсан. Өнөөдөр дайн байлдаан, цар тахалтай байгаа энэ нөхцөлд манай улс цементийн хэрэглээгээ бүрэн дотоодоосоо хангаж, бусад улсаас хараат бус болж чадсан. Ямар ч нөхцөл бүтээн байгуулалтын ажлаа тасалдуулахгүй хийх боломжтой болсон. Хоёрт, бид дотооддоо 1.8 сая тонн цемент үйлдвэрлэж чадаагүй бол өнөөдөр барилга бүтээн байгуулалтын ажил таг зогсох байсан. Хятадаас цементээ татаж чадахгүй нөхцөлд орох байсан. Дотоодоо үйлдвэрлээгүй бол сард 4000 вагоноор цементийн нөөц татах асуудал яригдах байсан. Гэтэл өнөөдөр бид Хятадын талтай яриад, яриад 1000-хан вагон ачаа бараа татан авч байна шүү дээ. Гуравт, Хятадад цементийн үнэ Монголд зарагдаж байгаа үнэтэй яг ижил байна. Нааш нь татвал тээвэр, гааль, татварын зардал нэмэгдэж, харин ч үнэтэй зарагдахаар байна.
Ийм үндэслэлээр иргэд, аж ахуйн нэгжүүд үндэсний үйлдвэрлэгчдэдээ хүндэтгэлтэй хандаж, сэтгэл санаагаар дэмжих ёстой. Мөн цемент үйлдвэрлэгчид ч иргэдийнхээ итгэлийг алдахгүй, зах зээлтэй нийцүүлэн үнийн тогтвортой байдлыг хангаж ажиллах ёстой” гэлээ.