Барилгын салбарын нөхцөл байдлын талаар БХБЯ-ны удирдлагууд мэдээлэл хийлээ.
Мөн үеэр БХБЯ дэд сайд Э.Золбоо барилгын материалын нөөц болон үнийн өсөлтийн тадаар мэдээлэл өгсөн юм. Тэрээр “2022 оны барилга бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болж байна. Мөн үеэр ямар нэг түүхий эдийн хомстол үүсэхгүй гэж найдаж байна. Одоогоор нийт 80 мянган тонн арматурын нөөц бүрдүүлсэн. ОХУ болон БНХАУ-аас оруулж ирэхээр төлөвлөж байгаа. БНХАУ-ын талаас бараа таваараа хэрхэн татах тал дээр бид хамтарч ажиллаж байна. Арматур болон төмөр материал, томоохон тоног төхөөрөмжүүдийг задгай вагоноор оруулж ирнэ.
ОХУ-аас 30 орчим мянган тонн арматур орж ирнэ. БНХАУ-аас орж ирэх бусад нэр төрлийн бараа материалууд чингэлэг тээврээр орж ирж байна. Цементийн үнэ 2020 оноос хойш өсөөгүй байж байгаад энэ жил 16-24 хувиар өссөн. Үүнтэй холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан болон ШӨХТГ, МХЕГ-ын удирдлагууд манай яам дээр ирж хуралдсан.
Улмаар үнийн өсөлт бодит эсэхийг шалгах болон үнэ буулгах ямар арга хэмжээ авахыг судлах чиглэл өгсөн. Цементийн үйлдвэрүүдийн тухайд үнэ өсөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн гэсэн тайлбар өгч байгаа. Учир нь цементийг бүрдүүлдэг бараа материалын үнэ өссөн учир өнгөрсөн хугацаанд алдагдалтай ажилласан гэсэн нөхцөл байдлыг тоо баримттай нь танилцуулсан. Уг үнийн өсөлт бодитой эсэхийг холбогдох байгууллагууд тодорхойлно” гэлээ.