Төв аймгийн Сэргэлэн сумын нэгдүгээр багт байрлах “Тавантолгой түлш” ХХК-ийн хатаалгын цехэд гал гарчээ. Ням гаригаас даваа гаригт шилжих шөнө 00:34 цагт Онцгой байдлын газарт галын дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, галыг бүрэн унтраажээ. Тус хатаалгын цехэд сайжруулсан түлш шатаж, иргэд унтраасан боловч нүүрсний хог уугиж байсныг онцгой байдлын алба хаагчид унтраасан байна.
“Тавантолгой түлш” компаниас энэ талаар тодруулахад “Галын улмаас хохирол учраагүй, шалтгаан нөхцөлийг тодруулж байна” хэмээн мэдэгджээ.
Энэ оны нэгдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Тавантолгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн 100х50 метр, 60х30 метр, 60х30 метр нийт гурван барилгад гал гарсан. Үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын 2, 3 дугаар шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн нэгдүгээр цех, савлагааны цех тус тус галд өртсөн. Залгаа байрлах үйлдвэрийн хоёрдугаар цех, бутлуурын цех зэргийг галаас авран хамгаалсан. Гал түймрийг таван ангийн 19 автомашин, 56 алба хаагч 3 цаг 40 минут ажиллаж, унтрааж байсан юм.