Монголбанкы удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс Орос, Украины хооронд үүссэн асуудал Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх, өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ, Канад, Их Британи, Герман, Итали болон Европын холбооноос хамтарсан мэдэгдэл гаргаж, ОХУ-ыг олон улсын төлбөр тооцооны SWIFT системээс хасах шийдвэрийг гаргалаа. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын ОХУ-тай хийдэг худалдаа,үйлчилгээний төлбөр тооцоонд асуудал үүсэх үү гэсэн асуултыг хэвлэлийнхэн тавьлаа.
Энэ асуултад Монголбанкны Ерөнхийлөгч: Монгол Улс Оросын холбооны улсаас нефть бүтээгдэхүүнээ бараг 100 хувь импортолж байгаа. Мөн тослох материал, эрчим хүч, үйлдвэрийн голлох материалуудаа ОХУ-аас авдаг. Хоёрт, манай улс нефть бүтээгдэхүүний төлбөр тооцоогоо олон улсын SWIFT системээр дамжуулан хийдэг. ОХУ-ыг энэ системээс хасах хоригт оруулж, хаалт хийсэн. Тодруулбал, ОХУ-ын Төв банк болон нэр бүхий таван том банкийг SWIFT системээс хассан гэж мэдэгдсэн. Хэрвээ манай улсын төлбөр тооцоо дамждаг банк багтсан бол гадаад төлбөр тооцоо зогсох эрсдэлтэй байдал үүснэ. Гэхдээ АНУ-ын талаас эрчим хүч, нефтийн төлбөр тооцоог хоригт багтаахгүй гэсэн яриа байна. Тиймээс нефть бүтээгдэхүүн авдаг улсын хувьд боломж гарц гаргалгаа хайж ажиллана.
Манай улс ОХУ-аас нефть бүтээгдэхүүн авахаас гадна Зүүн Европоос ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор хүнс болон хэрэглээний бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг. Энэ сүлжээнд мөн тодорхой хэмжээний эрсдэл үүсч магадгүй гэж харж байна. Туркээр дамждаг нэг зам, Беларусаар дамждаг нэг зам бий. Одоогоор эдгээр сүлжээ доголдсон, экспорт, импорт хаасан зүйл алга. Гэхдээ бэлтгэлтэй байх хэрэгтэй байна.
Ер нь Монгол Улс хоёрхон гарцтай. Бид хоёр том гүрний дунд байгаа. Хэрвээ гуравдагч том түнштэй харьцах бол Хятад, Оросыг давж, дээгүүр нь явж тээвэрлэлт хийж байна. Нэг том гарцан дээр маань геополитикийн дайн байлдаантай асуудал үүссэн учраас тэндээс нийлүүлэгддэг, орж ирдэг бараа бүтээгдэхүүнд шууд эрсдэл үүсч байна. Мөн төлбөр тооцоон дээр асуудал үүсэх нь тодорхой болсон байна.
Өнөөдөр үдээс хойш Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл /Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо/ яг эдгээр асуудлаар хуралдаж, тодорхой гарц шийдэл хайна. Хоригт багтаагүй банк санхүүгийн хэрэгслээр төлбөр тооцоо хийх боломжуудыг эрэлхийлнэ. Түүнчлэн сард хэчнээн хэмжээний төлбөр тооцоо хийгдэж, хэдий хэр бараа бүтээгдэхүүн ОХУ-аас авч байгаа талаар нарийвчлан ярина. Мөн нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс сэргийлж шаардлагатай нөөц бэлтгэн ажиллах талаар ярина” гэлээ.