Оросын Аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Дмитрий Горин Европт үлдсэн оросуудыг Ойрхи Дорнод, Туркээр дамжуулан гаргана хэмээн мэдэгджээ. Оросын агаарын тээвэрлэгч компаниудад Европын орнууд хориг тавьж, агаарын орон зайгаа хаасантай холбоотойгоор Европын орнуудад жуулчилж явсан иргэдээ Турк, Арабын Нэгдсэн Эмират, Египет зэрэг гуравдагч орноор дамжуулан эх орондоо буцаахаар төлөвлөж байгаа аж.
Украинд явуулсан цэргийн тусгай ажиллагааны улмаас Европын холбооны орнуудын Гадаад хэргийн сайд нар Москвагийн эсрэг ээлжит хориг арга хэмжээг баталж, Оросын нисэх онгоцыг Европын холбооны агаарын орон зайд нэвтрүүлэхийг хориглоод байгаа. Энэхүү шийдвэр Европын холбооны албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэний дараа хүчин төгөлдөр болох юм.
Агаарын хөдөлгөөнийг хаасантай холбогдуулан тур операторууд болон бие даасан аялагчдаас бүрдсэн олон зуун хүн Европт аялаж яваа бөгөөд Унгарын Будапештээс 400, Болгараас 500, Португалийн Мадейрагаас 200 орчим жуулчдыг тээвэрлэх асуудлыг Ростоуризмтай хэлэлцэн шийдээд байгаа аж.
Мөн Их Британид Оросын жуулчид их байгаа бөгөөд Словени, Австри. Истанбул, Дубай, Абу Даби, Доха, Каир хотууд болон бусад нээлттэй улсууд зэрэг гуравдагч орнуудаар дамжуулан авах боломжтой хэмээн Горин хэлээд дэлхийн тодорхойгүй, тогтворгүй байдлын улмаас Оросын жуулчид тодорхой хугацаанд хүлээх хандлагатай болсныг мөн анхааруулжээ.
Гэхдээ Турк, Египет, Арабын Нэгдсэн Эмират, Мальдив, Тайланд зэрэг улсууд оросуудад нээлттэй хэвээр байгааг мөн дуулгасан байна.