ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр (2022.02.21) хуралдсан Аюулгүйн зөвлөлийн хуралдааны дараа Бүгд Найрамдах Донецк Ард улс, Бүгд Найрамдах Луганск Ард улсыг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөн зарлиг гаргалаа. Зарлигийн дагуу ОХУ-ын зүгээс тус бүгд найрамдах улсуудад энхийг дэмжих ажиллагаа явуулах зөвшөөлийг Батлан хамгаалах яам хүлээн авчээ. Энэ нь Оросын цэрэг армиа Донецк, Луганскт оруулж болно гэсэн үг юм.
В.Путины шийдвэрийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах зарлигт гарын үсэг зурлаа. Зарлигийн дагуу америкчууд Донецк, Луганскт санхүүжилт, хөрөнгө оруулалт хийх, мөн тэдэнтэй худалдаа эрхлэх, бараа түүхий эд импортлох эрхгүй болж байна. Мөн Донецк, Луганскийн эрх бүхий хүмүүсийн АНУ дахь хөрөнгө царцаж байгаа юм.
Америкийн төрийн тэргүүн Байден ОХУ Украины салан тусгаарласан мужуудыг тусгаар тогтносон гэж хүлээн зөвшөөрсөн нь Минскийн гэрээгээр хүлээсэн үүрэгтэй харшилдаж байгаа хэмээн үзээд “Энэ бол Украины энх тайван, тогтвортой байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн үйлдэл” гэж мэдэгдээд байна.
Украины зүүн хил дээр өрнөж буй асуудалтай холбоотойгоор өнөөдөр (2022.02.22) Европын холбооны гишүүн орнууд Брюссельд хуралдаж ОХУ-ын эсрэг АНУ-ын зүгээс тавьж байгаа хоригийг дэмжих төлөвтэй байна.