Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Хотын стандартын төслийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва танилцуулав. Дэлхийд 120 хот өөрийн стандарттай байдаг. Монгол Улсын хэмжээнд 7008 стандарт мөрдөгдөж байна. Үүнээс 1400 гаруй нь 1990 оноос өмнө, 670 гаруй нь 1990-2000 оны хооронд, 2100 гаруй нь 2000-2010 онд, 2700 орчим нь 2010 оноос хойш баталсан стандарт юм.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд хот стандарттай байх бөгөөд НИТХ-ын бүрэн эрхэд хотын стандартыг батлахаар, хотын иргэн дүрэм, стандартыг дагаж мөрдөхөөр тусгасан юм. Дээрх хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамжаар хотын стандартыг боловсруулж, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг 22 бүлгийн 97 “Хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичиг”-т дүн шинжилгээ хийж, эхний ээлжид 10 бүлгийн 41 төрлийн стандартыг батлуулахаар нийслэлийн нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, иргэд, олон нийтээс санал авч тусгах, НИТХ-д өргөн барьж батлуулах төлөвлөгөө гаргажээ. Дээрх 41 стандартын баримт бичгийн төсөлд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 27 агентлаг, 321 харьяа газар, мэргэжлийн байгууллагаас, мөн нэгдүгээр сарын 11-нээс хоёрдугаар сарын 11-нийг хүртэл нэг сарын хугацаанд www.ulaanbaatar.mn, www.standart.ub.gov.mn сайтуудаар иргэд, олон нийтээс санал авч, тусгасан байна. Санал асуулгын дүнд давхардсан тоогоор нийт 37.411 санал ирүүлснээс дэмжсэн 10.769, ерөнхий 16.680 санал өгчээ. Улмаар нийт 17.228 саналыг хэлэлцэж, хотын стандартад тусгасан байна.
Хотын стандартын тус 10 бүлэг нь Чанарын дэд бүтэц, Хот төлөвлөлт, хот байгуулалт, Ногоон байгууламж, “Иж бүрэн гудамж”, Нийгмийн дэд бүтэц, Худалдаа, үйлчилгээний газрын гадна орчин, Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, Зорчигч тээврийн үйлчилгээ, Хог хаягдлын менежмент, Гэрэлтүүлгээс бүрджээ. Нийгмийн дэд бүтэц бүлэгт л гэхэд Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гадна орчны ерөнхий шаардлага, Ерөнхий боловсролын сургуулийн гадна орчинд тавигдах ерөнхий шаардлага, Эрүүл мэндийн байгууллагын гадна орчны ерөнхий шаардлага, Төрийн байгууллагын гадна орны ерөнхий шаардлага зэрэг багтсан байна. Хотын стандартыг хэрэглээ, зориулалтаар нь мөн А, В, С гэж гурав ангилжээ. Стандартыг боловсруулахдаа олон улсын хотуудын стандарт болон цаг агаарын хувьд Улаанбаатартай төстэй хотуудын стандартыг судалсан байна.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас хотын 10 бүлгийн 41 стандартыг НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхийг үүрэг болгов.