…Сангийн яам мөнгө, хөрөнгө шийддэг. Хамгийн муухай ааштай сайдтай байх ёстой. Бүх сайд нар сайхан ажил хийж салбараа хөгжүүлэхийг, мөнгө үрэхийг боддог. Гэтэл татвар төлөгчдийн мөнгө хязгаартай шүү дээ. Ихэнх тохиолдолд үгүй гэж хэлдэг, өөрийн гэсэн арангатай сайд байх ёстой. Маш их хэрүүл хийнэ, кабинет дотроо цөөнх байх ёстой. УИХ дээр мөн адил бүх гишүүд тойрогтоо мөнгө зарахыг хүснэ. Түүн дээр үгүй гэж хэлдэг, сөрөг хүчин байх ёстой. Тайлбараа хэлж чаддаг, нүд рүү нь хараад үгүй гэж хэлдэг, ижил түвшний хүн байх ёстой.
Гэтэл Сангийн сайд, Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүн биш бол өмнөөс нь үг хэлж чаддаггүй, байгаа хуулиудаа, төсвөө хамгаалж чаддаггүй. Үр дүнд нь төсөв нь Засгийн газарт орохдоо тодорхой хэмжээнд өөрчлөгддөг. УИХ-аар орж батлагдахдаа 180 хэм эргээд, танигдахын аргагүй болчихдог. Мэргэжлийн байгууллага нь судалгаагаа хийгээд, татварын, төсвийн бодлогоо тооны үндсэн дээр гаргаж ирсэн зүйлийг УИХ дээр очоод сэтгэлийн хөдлөлөөр өөрчлөөд, танигдахын аргагүй болчихдог. Энэ нь хөгжлийн дунд, урт хугацаанд төлөвлөгөөт ажлуудыг санхүүжүүлж явах боломжийг үгүй хийдэг.
Дандаа амь тариа хийсэн, гал унтраасан л төсөв болдог. Үр дүнд нь аймаг, орон нутагт цемент зуурдаг, шавар бурхан зуурдаг, үр ашиггүй төсвийн тансаглал, хэдэн дарга буцаж гишүүн болохын тулд тууз хайчилдаг систем рүү явчихаад байгаа юм. Үр дүнд нь Монголчууд хохирч байгаа.
Үр дүнд нь бид маш их өртэй боллоо. Төсвийн зарлага тал нь дандаа өндөр. Орлого тал нь жоохон. Үүнийг тэнцвэржүүлэх үүрэг нь Засгийн газар, Сангийн сайдад нь байдаг .Үүнийгээ хамгаалж чадаагүйгээс өнөөдөр эдийн засаг нь маш их өртэй, төсөв нь алдагдалтай, халамжилсан, үр ашиг муутай улс болсон байна. Төсвийн үр ашгаараа дэлхийн улсуудаас сүүлийн 12-т нь ордог. Яагаад гэвэл хэтэрхий замбараагүй. Үүнийг сахилга баттай болгох үүрэг нь Сангийн сайдад бий. Би өөрөө Сангийн яаманд ажиллаж байсан учраас тэр жишээн дээрээ хэлж байгаа юм. Сангийн сайд бол зайлшгүй УИХ-ын гишүүн байх ёстой. УИХ-ын гишүүдийн өмнөөс өөрийнхөө төсвийг, эдийн засгийн бодлогоо хамгаалж чаддаг байх ёстой.
Эх сурвалж: sonin.mn