Гадаадад зорчих иргэд олон улсын итгэмжлэгдсэн лаборатори болох ХӨСҮТ-ийн Төв лаборатори, Интермэд эмнэлгийн лабораторид шинжилгээ өгөх шаардлагатай гэсэн Эрүүл мэндийн сайдын тушаал гарчээ. Манай улсад PCR шинжилгээ хийдэг олон лаборатори байгаа боловч улс орнуудын хил дээр манай шинжилгээ чанарын шаардлага хангаагүй гэж улаан бүсэд орж байсан учир 2021 оны есдүгээр сард ЭМ-ийн сайдын тушаал гарч, олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний бичгийг гадаадад зорчих иргэдээс шаардах болсон.
Гадаадын улс орнууд иргэдээс 24-72 цагийн PCR шинжилгээний хариу шаардаж байгаа учир иргэд явахынхаа өмнөх өдөр ирж шинжилгээ өгвөл илүү баталгаатай гэж ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга, АУ-ы доктор Б.Бумдэлгэр зөвлөв.
Шинжилгээг өдөр бүр 08.30-11.00 цагийн хооронд авч, шинжилгээний хариуг тухайн өдрийн 22.00 цагаас хойш ХӨСҮТ-өөс бичгээр авах зохион байгуулалт хийжээ. Шинжилгээний хариу e-mongolia цахим үйлчилгээнд орж байгаа ч гадаадын улс орнууд тамга тэмдэг бүхий цаасан дээр гаргасан шинжилгээний хариу шаардаж буй учир ХӨСҮТ байгууллагынхаа толгой бүхий албан бичиг дээр олон улсын стандартын дагуу англи хэл дээр хариуг гаргаж өгч буй юм байна.