Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн санаачилга дор зохион байгуулж буй ”Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” сэдэвт хэлэлцүүлэг одоо “Туушин” зочид буудлын “Соёмбо“ танхимд болж байна.
Манай улс 1990 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүнээр элссэн бөгөөд өмнөх 32 жилийн хугацаанд Монгол Улсын аялал жуулчлалын салбар нь статистик тоон үзүүлэлтээрээ ч, бодит хөрсөн дээрээ ч тодорхой түвшний барилга байгууламж, дэд бүтэц, хүний нөөц, худалдаа үйлчилгээ бүхий дэлхийн аялал жуулчлалын салбар дахь нүүдэлчний өнгө төрх бүхий өвөрмөц нөөц бололцоог бий болгосон.
Энэ нь нөгөөтэйгүүр улс орныхоо эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан нөхцөл байдлыг хангахад зохих үүрэг оролцоотой явж ирсэн юм. Гэвч дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын нөлөөгөөр өмнөх хугацааны чадамжаа асар богино хугацаанд алдсан.
Урьдчилсан байдлаар зөвхөн жуулчин хүлээж авдаг тур опературуудын орлого 80 хувиар, зочид буудлуудын орлого 63 хувиар, жуулчны баазуудын орлого 84 хувиар, ресторануудын орлого 50 хувиар, тэдгээрт ажиллаж буй ажиллах хүчний нөөцийн алдагдал 25-75 хувиар тус тус хумигдсан тооцоо байна.
Иймд уг хэлэлцүүлгийг салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, салбар хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх, нийгмийн шинж чанартай түгжээ гацааг мултлах зэрэг бодит үр дүн гарахуйц түвшинд талуудын оролцоог хангасан байдлаар зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийг нээж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалж, шар түвшинд шилжсэн гэдгийг онцоллоо. Ингэснээр Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсон. Харин жуулчдыг хүлээж авахдаа ямар нэг хүнд суртал, хүлээлт үүсгэлгүй хүлээж авахыг салбарын яамдад чиг үүрэг болгосон гэдгийг онцоллоо.