“Хөх сувд-2022” мөсний баярыг ирэх гуравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд Хатгал тосгонд зохион байгуулахаар ажлын хэсэг өнөөдөр /2022.02.08/ хуралдаж шийдвэрлэжээ. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баяр 20 дахь жилдээ болно.
Энэ жилийн хувьд 20 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм. Тодруулбал, 2014 онд Хөвсгөл нуурын мөс баяр зохион байгуулах хэмжээнд хүрээгүй нимгэн байсан бол 2020, 2021 онд цар тахлын улмаас зохион байгуулаагүй.
Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, “Аав, ээж би” тэмцээн, тахтай хатирах морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулдаг байна.