Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах Гадаад харилцааны яам хоорондын Газрын дарга нарын түвшний 8 дахь удаагийн уулзалт энэ сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр болов. Монголын талаас Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд, хятадын талаас тус улсын Гадаад хэргийн яамны Хил, далайн хэргийн газрын зөвлөх Жан Лин нар төлөөлөгчдийг тэргүүлэн оролцлоо.
Уулзалтаар Монгол, Хятадын хилийн боомтын халдвар хамгаалал, дээрх хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад үнэлэлт өгч, боомтуудын үйл ажиллагааны талаар санал солилцсон юм. Монголын талын төлөөлөгчдийн тэргүүн хятадын талаас 2021 оны 11 дүгээр сард ирүүлсэн хариуцан зохион байгуулах үйл ажиллагааны жагсаалтын хэрэгжилтийг тус бүрээр нь танилцуулав. Монголын талаас дэвшүүлсэн зарим боомтоор газрын тос, эмийн бүтээгдэхүүн, хэрэгсэл зэрэг онцгой ачаа барааг хилээр нэвтрүүлэх, ачааны нэр төрлийг нэмэгдүүлэх хүсэлт тавьсан юм. Хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн халдвар хамгааллын дэглэмийг хоёр талдаа сайтар сахин хамгаалсны дараа боомтуудын үйл ажиллагааг хэвийн горимд оруулах, цагийн хуваарийг уртасгах боломжтойг мэдэгдлээ гэж ГХЯ-наас мэдээллээ.