Хөгжлийн банкнаас зээл авч, банкыг дампууруулах хэмжээний алдагдалд оруулсан аж ахуйн нэгж, түүний хамаарал бүхий этгээдүүдийн тухай мэдээлэл дэлгэгдэж, МАН-ын гишүүн, БСШУ-ны сайд асан, АНУ-ын Элчин сайд асан Ё.Отгонбаярын нэр дурдагдсан нь цахим орчинд дуулиан тарьж байна.
Зээлийн эргэн төлөлтийг хийлгүй, шүүхийн хаалга татаж байгаа “Нүүдэлчин” ХХК-ийг төлөөлөн Ё.Отгонбаяр нийтлэлийг бичсэн сэтгүүлчийг “ална” хэмээн заналхийлсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, МСНЭ болон сэтгүүлчид мэдэгдэл гарган, хэвлэлийн хурал зарлахад хүргэлээ.
Төрийн өндөр албан тушаалуудыг он дараалан хашиж байсан гишүүндээ МАН ч хариуцлага тооцож, МАН-ын зөвлөхийн албан тушаалаас огцруулсан бол тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН ёс зүй, хариуцлага алдсан албан тушаалтнуудтай улс төрийн хариуцлага тооцох бодлогынхоо дагуу Ё.Отгонбаярт хариуцлага тооцож, МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалаас чөлөөллөө. МАН хүний эрхийг дээдэлсэн, авлигын эсрэг тэмцдэг дэвшилтэт нам байх болно” хэмээн жиргэжээ.