Хилийн боомтын үйл ажиллагааны талаар ажлын хэсгээс мэдээллээ.
Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Замын-Үүдэд чингэлэг тээврийн тээвэрлэлтийг хийх, зохион байгуулах ажлыг удирдаад ирлээ. Та бүхэнд хийсэн ажлаа товч танилцуулъя.
Ажлын хэсэг үндсэн гурван зорилготой. Нэгдүгээрт, ачаа тээврийг эхлүүлэх, зохион байгуулалтыг нь сайжруулах. Хоёрдугаарт, Тээвэр зохион байгуулалттай холбоотой халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэх. Гуравдугаарт, Олон талт хамтын ажиллагааг удирдлагаар хангах. Ийм гурван чиг үүргийн дагуу ажиллалаа.
Замын-Үүд сумын хэмжээнд халдварыг хумих, тараахгүй байх тал дээр ажиллаж байна. Улаанбаатараас Замын-Үүд рүү зорчих иргэдэд тавих шаардлагыг тодорхой болгосон. Тусгаарлалтын арга хэмжээг авч, хилийн цэргийн албан хаагчдыг тусгаарлаж байна. Гаалийн байгууллагын хүмүүс мөн тэнд ажиллаж байгаа. Бүх зүйл хатуу хяналтын доор хийгдэж байгаа. Энэ бүхэнд хамтын ажиллагаа, хамтын ойлголцол чухал байна.
Замын-Үүд суманд тээвэр зохион байгуулалт, халдвар хамгаалалттай холбоотой ямар нэгэн асуудал одоогоор үүсээгүй байна. Цаашид ч мөн үүсгэхгүйн төлөө анхаарч ажиллана.
Тээврийн үнэ хөлс, тээвэр зуучийн хөлстэй холбоотой асуудлыг нээлттэй платформ байгуулах замаар шийднэ. Энэ асуудлаар БНХАУ-тай ярилцаж байна. Нээлттэй платформд бүртгэгдсэн карго цаашид ажиллана. Монголын хувьд ч тийм болно. Ингэснээр үнэ хаана өсөөд байгаа нь ил тод болно.
Өнөөдрийн байдлаар гурван системээр чингэлэг тээврийг зөөж байна. Замын-Үүдийн чингэлгийн тээвэр саадгүй үргэлжилж буй. Одоогоор халдвар хамгаалал, зохион байгуулалттай холбоотой асуудал үүсээгүй. Өнөөдрийн байдлаар 767 чингэлэг улсын хилээр нэвтэрсэн. Үүнийг оруулж ирэхэд 587 тээврийн хэрэгсэл оролцсон. Ачааны 60 орчим хувийг барилгын материал эзэлж байна. Тээвэр зуучийн үнэ хөлстэй холбоотой урд талтай бид хэрхэн зохицуулах талаар нээлттэй байдлаар харилцаж тохиролцоно. Тяньнжин боомтоос өдөр тутам долоон гал тэргээр чингэлэг ачааг татаж байна. Хятадаас нэг карго ачиж ирэх тээврийн зардал 1700-1800 юань байна. Хятадаас тэг цэг рүү ачаа ачиж орж ирэх зардал өндөр. Зарим компаниуд өөрийнхөө ачааг түрүүлж татахын тулд үнийг хөөрөгдүүлсэн тохиолдол гарсан. Замын-Үүдийн тээвэр зохион байгуулалттай холбоотой найман тэрбум төгрөгийн зардлыг улсын төсвөөс гаргаж байна. Энэ зардлыг төрөөс гаргаж байгаа нь бараа татварын үнийг өсгөхгүй байх бодлого юм” гэлээ.
1 comment
Achaanii vniig yls tulnu gej yu baidiin nuglaa gargaad bgaa jolooch naraa shalgaache