Онцгой байдлын байгууллагын үндэс суурь болсон Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна.
Анх 1922 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Ардын Засгийн газрын 35 дугаар тогтоолоор Галын аюулаас хамгаалах байгууллагыг байгуулж байсан түүхтэй.
Түүнчлэн 1999 онд Галын аюулгүй байдлын хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулснаар Гал түймэртэй тэмцэх байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдэж, ой хээрийн болон объектын түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах, шалтгаан нөхцөлийг тогтоох, гал түймрийн хэрэг бүртгэх ажлыг хариуцан Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гал түймэртэй тэмцэх газар болгон зохион байгуулжээ.
Харин Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн анхдугаар хуралдаанаар тус газрыг Онцгой байдлын ерөнхий газрын бүтцэд нэгтгэсэн юм.
Сүүлийн жилүүдэд Засгийн газрын тогтоолоор Гал түймэр унтраах аврах анги, эрэн хайх аврах салбар, бүлгийг шинээр байгуулж, Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүний тоог 40 орчим хувиар нэмэгдүүлсэн.
Мөн Монгол Улс, Австри, Беларусь, Солонгос, Хятад, Польш, Франц, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд Онцгой байдлын байгууллагын гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийн чадавх 50 хувиар нэмэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.