“Мөнгөн мод” оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах ёслолын арга хэмжээ 2022 оны нэгдүгээр сарын 23-нд 13 дахь жилдээ зохион байгуулна.
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын хүрээнд Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас жил бүр зохион байгуулдаг оны шилдэг уран бүтээлч шалгаруулах үйл ажиллагаа нь “Тайз дэлгэцийн шилдэг найруулагч”, “Шилдэг зураач”, Шилдэг жүжигчин”, “Шилдэг бүжигчин”, “Шилдэг хөгжимчин”, “Шилдэг дуучин”, “Шилдэг утга соёлын өвийг эзэмшигч” зэрэг номинацид нэр дэвшигчдийг бүртгэж шилдгүүдийг тодруулдаг байсан бөгөөд Засгийн газрын 2020 оны 4 дүгээр тогтоолоор “Тайз, дэлгэцийн бүтээлийн зохиолч”, “Хөгжмийн зохиолч”, “Продюсер”, “Удирдаач”, “Бүжиг дэглээч” төрлүүдийг нэмж тодруулахаар шийдвэрлэсэн юм.
Соёлын үйлдвэрлэл, үйлчилгээний хамрах хүрээ өдрөөс өдөрт тэлж соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний бүтээмж, нэмүү өртгийн гинжин хэлхээг дэмжих соёлын шинэ бодлогын хэрэгцээ шаардлага үүсч буй болон цар тахлын нөхцөл байдлын улмаас бүтээлч үйлдвэрлэлийн салбар бүхэлдээ зогсонги байдалд орж бүтээн туурвигчид, соёлын ажилтнуудад шинэ сорилтууд тулгараад буй энэхүү цаг үед тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжих, урамшуулах, алдаршуулах зорилгоор Соёлын яамнаас уг арга хэмжээний хамрах хүрээг өргөтгөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын хүрээнд шилдэг уран бүтээлийг тодруулах номинацыг шинээр бий болгоод байна.
“Мөнгөн мод” оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах ёслолын арга хэмжээнд 12 шилдэг уран бүтээл, 12 шилдэг уран бүтээлчийг тодруулж тус бүрт “Мөнгөн мод” цом, гурван сая төгрөгийн урамшуулал олгох юм гэж Соёлын яамнаас мэдээллээ.