Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм шинэчлэн батлагдсантай холбогдуулж мэдээлэл өглөө.
Тэрээр “Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн хувилбар мөрдөгдөж эхэлсэн. УИХ-ын Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хороо гэмт хэргийн шинжтэй асуудлыг авч хэлэлцдэггүй. Ёс зүйн зөрчлийн хүрээний асуудлыг хэлэлцэнэ. Түүнээс хэтэрснийг холбогдох байгууллагад нь шилжүүлнэ.
Хуулийн байгууллагаас шалгаж байгаа асуудлыг байнгын хороо авч хэлэлцэхгүй. Хуулийн дагуу бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо авч хэлэлцэнэ. Хэрвээ УИХ-ын гишүүн аливаа ёс зүйн зөрчилд холбогдвол иргэдээс уучлал гуйх ёстой. Уучлал гуйснаа тав хоногийн дотор олон нийтэд хүргэнэ. Гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн шаардлагуудыг энэ дүрэмд оруулсан.
Дүрмээр гишүүн төрийн албан хаагчдад хүлээсэн үүргээс нь өөр даалгавар өгөх, шаардахыг хориглосон. Гишүүн бүрэн эрхийн хугацаанд хамаарал бүхий этгээдээ төрийн байгууллагад ажиллахыг санал болгохыг хориглосон. Энэ заалт шинээр орсон. Ажил үүргийн дагуу олж авсан мэдээллийг хувийн эрх ашгийн төлөө ашиглахгүй байх ёстой.
Өөрийн нэрийг ашиглан давуу эрх олж авах, бусдад давуу эрх олгох, аливаа этгээдэд нөлөөлөхийг хориглосон. Гишүүд Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр гадаад орны төрийн дээд шагнал авахыг хориглоно.
Ёс зүйн зөрчил гаргасан гишүүний цалингийн хэмжээг зургаан сарын хугацаанд 20 хувь хүртэл бууруулж болно” гэв.