Өнгөрсөн 2021 он дэлхий нийтээрээ коронавирусын халдвартай тэмцсэн, хүнд хэцүү сорилтыг даван туулсан он болж өнгөрсөн. Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хувьд ч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр цаг үеийг даган урган гарч ирсэн амьдралын шинэ хэвшил, шинэ сорилтыг даван туулах, шинэ бүхнийг хүлээн авч, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэн ажиллажээ.
Гэхдээ цар тахал бүхий л үйл ажиллагаанд сөрөг хандлага үзүүлээгүй. Хил гаалийн нөхцөл байдал, халдвар хамгааллын дэглэм, хөл хорио зэргээс шалтгаалан зарим гэмт хэргүүд буурч байхад ахуйн гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдөх, харилцаа холбооны өөрчлөлтийг дагасан цахим гэмт хэргүүд өсч, шинэ өнгө төрхтэй болж ирснийг хуулийн байгууллагууд анхааруулж байна.
Гэмт хэрэг гарахад нөлөөлж байгаа хүчин зүйл: Нийгмийн сэтгэл зүй, хүмүүсийн амьжиргааны төвшин, хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл, тухайн хүний зан төрх, бусдын сөрөг нөлөөнд автаж байгаа байдал, тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, дүрэм журмын үл ойлгогдох зохицуулалт зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байгааг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл анхааруулж байна.
Гэмт хэргийн статистик: Цагдаагийн байгууллага 2021 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд иргэн ААН байгууллагаас 233.457 гомдол мэдээлэл хүлээн авчээ. Үүний 161.032 мянган буюу 69 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд тэдний 42.381 буюу 26.3 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 118.751 буюу 73.7 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байжээ.
Мөн Цагдаагийн байгууллагад оны эхний 11 сард 23.348 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүний 14.920 буюу 63.9 хувь нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Бүртгэгдсэн гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад өмнөх оны 11 сартай харьцуулахад 5.7 хувиар өссөн байна.
Гэмт хэрэг өссөн дүүрэг: Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Багануур дүүрэгт гэмт хэрэг 16 орчим хувиар өсчээ.
Гэмт хэрэг буурсан дүүрэг: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Налайх, Багахангай дүүрэгт 1-20 хувиар буурсан бөгөөд гэмт хэргийн илрүүлэлт нийслэлд 52.1 хувьтай явж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар өссөн үзүүлэлт юм.
Нийслэлд өссөн гэмт хэргүүд:
- Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг(хулгайлах, залилан мэхлэх хэрэг) 54.3 хувиар тэргүүлж байна.
- Хүний эрх, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 36.7 хувь,
- Залилах болон гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 2.2 – 43 хувь өссөн нь гэмт хэрэгтэй тэмцэх эрх бүхий байгууллагуудын анхаарлыг татаж, энэ чиглэл рүү тодорхой ажлууд зохион байгуулах төлөвлөгөөг гаргахад хүргэжээ.