Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг татан буулгасан.
Үүнтэй холбоотойгоор Дүүжин тээвэр нэвтрүүлэх төсөл хэрхэн үргэлжлэх талаар Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан албаны эх сурвалжаас тодруулахад “Уг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн статус нь л өөрчлөгдөж байгаа.
Өөрөөр хэлбэл, уг төсөл цааш хэвээр үргэлжлэх бөгөөд Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа ОНӨТҮГ татан буугдсанаар төсөл хэрэгжүүлэх ажилд ямар нэг өөрчлөлт орохгүй.
Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар гэдэг статус нь буруу гэж үзсэн тул зөвхөн статусыг нь өөрчилсөн. Одоо тус газар нь Франц улсын Засгийн газрын зээлийн хөрөнгөөр төсөл хэрэгжүүлэгчийн л статустай болсон гэсэн үг.
Нийслэлийн нийтийн тээвэрт Дүүжин зам тээвэр нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхээр Франц болон Монгол Улсын Засгийн газрын хооронд хийсэн гэрээ бий. Тиймээс энэ төсөл Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар баталсан журмын дагуу явагдах ёстой” гэсэн тайлбар өгөв.