УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр /2022.01.03/ ээлжит мэдээллээ хийж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нийгмийн даатгалын багц хуулийг Засгийн газар өргөн барьсан. Намрын чуулган төгсгөлийн шатандаа орж байна. Гурван сар хуралдлаа. Энэ сарын сүүлээр завсарлах ёстой юм. Чуулган завсарлахаас өмнө хэлэлцэх шаардлагатай хуулиуд бий. Энэ асуудлаар бүлэг дээр санал солилцож ярилцлаа. Бүлгээс ажлын хэсэг гарч, Засгийн газартай хамтрах шаардлагатай гэсэн санал гарлаа. Нийгмийн даатгалын багц хуулийн тухайд Засгийн газар 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр таван хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийг бүлгээр хэлэлцэж, ХНХЯ-ны сайдын танилцуулга мэдээллийг сонслоо. Иймд уг хуульд бүлгээс ажлын хэсэг гарч ажиллах шаардлагатай гэж үзсэн. Тиймээс УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгээр ахлуулсан баг ажиллахаар боллоо. Энэ ажлын хэсгийнхэн Нийгмийн даатгалын тухай хууль дээр сайтар ажиллах ёстой гэж үзсэн.
Хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Энэ хуулийн хүрээнд Засгийн газар ямар суурь өөрчөлтүүд оруулахаар санал гаргаж байна вэ?
-Засгийн газар Нийгмийн даатгалын системд томоохон шинэчлэл хийе гэж үзсэн. Энэ дагуу хэд хэдэн том шинэчлэлийн асуудал өргөн баригдсан. Нэгдүгээрт, нийгмийн даатгалын буюу тэтгэвэр өвлөгддөг байхтай холбоотой асуудлыг ярьж байна. Суурь тэтгэвэртэй холбоотой асуудал орж ирсэн. Бусад олон төрөл даатгалтай байх хуулийн төслүүд орж ирсэн. Шинэчлэлийн том асуудал учраас нухацтай ажиллах шаардлагатай байна гэж бүлэг үзсэн.
-Цар тахалтай холбогдуулан тэтгэвэрт гарах насыг хойшлуулсан. Одоо дээрх асуудал ямар хэлбэрээр явагдаж байна вэ?
-Тэтгэвэрт гарах насыг бид хуулиар шийдсэн. 2017 онд гарсан хуулиар 60, 65 настай хүн гэж шийдсэн. Наана нь дахин хууль гаргаад, 50-55 настай хүн өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарч болох хууль гарсан. Ихэнх тохиолдолд хуулиараа 55-60 насанд гарч байна. Эрэгтэй 60, эмэгтэй 55 насанд тэтгэвэрт гарч болно.
-Тэтгэврийн зөрүүг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Тэтгэврийн зөрүү, нэмэгдэлтэй холбоотой асуудал хуультай холбоогүй асуудал. Нийгмийн даатгалын сан алдагдалтай байна. Жишээ нь, 2022 оны төсвийг батлахдаа нийт 2.8 их наяд төгрөгөөр Нийгмийн даатгалын санг баталсан. Үүний 800 гаруй тэрбум төгрөг нь улсын төсвөөс өгч буй татаас байгаа юм. Үндсэндээ хоёр орчим их наяд төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл цуглуулж, түүнийхээ 1.3 орчим их наядыг тэтгэвэрт өгч, үлдсэнийг нь тэтгэмжид өгнө.