2021 оны нэгдүгээр сарын 01-02-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 425 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 313-ыг нь хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж бэртсэний ес нь нийслэлд, тав нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр найман осол бүртгэгдэж, найман хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байна.
- Мөргөлдөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүн гэмтэж бэртсэн байна.
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр гурван осол бүртгэгдэж, дөрвөн хүн гэмтсэн байна.
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүн гэмтсэн байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 168 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 108, орон нутагт 60 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Хариуцлагаар үлгэрлэе” нэгдсэн арга хэмжээ хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас “DON’T DRINK AND DRIVE” буюу “Уусан үедээ бүү жолоод” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг өмнөх долоо хоногийн амралтын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад 18.8 хувиар буурсан байна.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.
Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, цасан болон шороон шуурга шуурга төлөвтэй байх тул иргэд, жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА