Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо болон НҮБ-ын Хүүхдийн Сангаас ДЭМБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Ковид-19 цар тахлын үед агаарын бохирдол эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд” сэдэвт дээд хэмжээний зөвлөлийн уулзалт боллоо.
Энэ жил НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсын Засгийн газартай хамтран хүүхэд хамгааллын чиглэлээр 24.7 сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ. Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сан манай улсын Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв хамтран өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг судалсан байна. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 60 хувь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэггүй, 31 хувь нь зан үйлийн тулгамдсан байдалтай, 9 хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй гэж гарчээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, ноён Эваристе Коуасси Комлан “Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед хөл хорионд байсан хүүхдүүд сэтгэцийн өөрчлөлттэй болж байна. Энэ бэрхшээл нь дэлхийн бүх улс оронд тулгамдсан асуудал болоод буй. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг анхаарч ажиллана. Мөн ковид-19 цар тахалтай энэ үед агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр анхаарах хэрэгтэй. Иймд эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгийг сэргээх бодлого, хөтөлбөр, төсөв боловсруулах, хэрэгжүүлэхэд хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн дэд бүтэц, үйлчилгээ, байгаль орчны боловсролын арга хэмжээг заавал тусгах ёстой” гэлээ.