Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1,375 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1,089 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Ослын улмаас нийслэлд 19 хүн гэмтэж бэртсэн байна. Харин орон нутагт 11 хүн гэмтэж бэртсэний нэг нь хүүхэд бол нэг хүүхдийн амь хохирчээ.
Хүн гэмтсэн ослыг авч үзвэл явган зорчигч мөргөх, автомашин мөргөлдөх, үл хөдлөх зүйл мөргөх, онхолдох хэлбэрээр гарсан байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 359 зөрчил бүртгэгдсэнээс нийслэлд 248, орон нутагт 111 гарчээ.
Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ аль болох явган хүний гарцаар гарах, Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан замын зорчих хэсэг дээр халтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан явган зорчигч гарцаар гарахдаа тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогсож зам тавьж өгсний дараа явган хүний гарцаар гарах. Мөн шөнө оройн цагт тод өнгөтэй, гэрэл ойлгогчтой хувцас, хэрэглэл ашиглаж байхыг зөвлөв.
“Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримтлах нь зүйтэй.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох чиглэлээр гудамж замын хяналт шалгалтыг улсын хэмжээнд эрчимжүүлэн өдөр бүр зохион байгуулж буй тул согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа.