УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг парламентаар хэлэлцэж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ нийгэмд төөрөгдөл үүсгэсэн, олон нийт үнэн зөв мэдээлэл авахыг хүссэн асуудлаар бүх талын төлөөллийг оролцуулан хяналтын сонсгол зохион байгуулдаг байхаар болсон юм. Үндсэн хуульд тусгасан энэхүү агуулгыг хуульчлахаар УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг боловсруулан хэлэлцэж байгаа нь энэ.
Уг хуулийн төсөлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа асуудлаар хяналтын сонсгол явуулахыг хориглоно” гэсэн заалт байсныг хэлэлцүүлгийн явцад хасжээ. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд хууль тогтоох байгууллага оролцох нь зохимжгүй гэдэг үүднээс энэхүү заалтыг оруулаад байсан юм. Гэвч зарим асуудлыг эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг шалтгаанаар нуун дарагдуулах магадлалтай гэж үзсэн учраас “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа асуудлаар хяналтын сонсгол явуулахыг хориглоно” гэсэн заалтыг хасжээ.
Мөн УИХ дараах албан тушаалд томилгоо хийхдээ нэр дэвшигчийн сонсголыг заавал хийхээр төсөлд тусгасан байна.
- Үндсэн хуулийн цэцийн гишүүн,
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн,
- Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн,
- Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн,
- Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн,
- Авлигатай тэмцэх газрын дарга,
- Авлигатай тэмцэх газрын дэд дарга,
- Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн,
- Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн,
- Төрийн албаны зөвлөлийн гишүүн,
- Монгол Улсын Ерөнхий аудитор,
- Монголбанкны ерөнхийлөгч,
- Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч
- Монголбанкны дэд ерөнхийлөгч,
- Санхүүгийн зохицуулах хорооны дарга,
- Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн,
- Санхүүгийн зоицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга,
- Үндэсний статистикийн хорооны дарга,
- Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга.
Мөн хуульд тусгайлан заасан, эсхүл УИХ-ын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол холбогдох Байнгын хороо албан тушаалтныг томилох, зөвшилцөх, танилцах сонсгол зохион байгуулахаар заажээ.