УИХ энэ онд Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийг баталж Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний тоог нэгээр нэмж зургаан гишүүнтэй байхаар болсон. Уг хуулийн дагуу Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг томилоогүй байгаа юм.
Уг албанд тушаалд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос сонгон шалгаруулалт зарлаж нэр дэвшигчийг тодруулах хуулийн зохицуулалттай. Үүний дагуу өнгөрсөн тавдугаар сарын 10-наас зургаадугаар сарын 10 хүртэл 30 хоногийн хугацаанд сонгон шалгаруулалт зарлажээ. Энэ хугацаанд нэр дэвших хүсэлт ирээгүй байна. Улмаар материал хүлээн авах хугацааг дахин 15 өдрөөр сунгажээ. Энэ хугацаанд хоёр хүн материалаа ирүүлсэн боловч нэг нь нэрээ татаж, хоёр дахь оролцогч нь өөр ажилд томилогдсон учраас Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах товыг дахин тогтоох шаардлага үүсжээ. Тиймээс сонгон шалгаруулалтыг өчигдрөөс эхлэн 2022 оны нэгдүгээр сарын 15 хүртэл зарлалаа.