МАН-ын 30 дахь Их хурал дээр тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын илтгэлээс хүргэж байна.
Н.Энхбаяр: Агуу ард түмэн агуу түүхийг бүтээдэг. Агуу түүх өөрөө бүрэн бүтэн байж агуу түүх болдог. Энэ Их хурал МАН, МАХН үүсгэн байгуулагдсаны ой дээр болж байна. Зуун жил гэдэг бол өөрөө агуу түүх. Агуу цаг хугацаа энэ түүхийн өмнө, энэ цаг хугацааны өмнө хэн ч томрох, хэн ч бардамнах эрхгүй.
Бид бүгдээрээ энэ түүхийг бүтээлцсэн ахмадууддаа энэ түүхийг бүтээлцсэн бүх үеийнхэнд өнөөдрийн энэ саруул танхимд цугларсан байгаа бүх хүнд гүн хүндэтгэлээ илэрхийлье. Монголын 100 жилийн түүхийг бүтээлцсэн МАН, МАХН-ын ахмад, дунд, залуу гурван үеийнхэндээ, энэ 100 жилийн түүхийг бүтээлцсэн ард түмэндээ мэхийн ёслоё.
Агуу түүхийг бүтээхэд эв нэгдэл хэрэгтэй. Энэ 100 жилийн түүхэн дээр нэг үзэл баримтлалтай, нэг түүхтэй хоёр нам эвлэлдэн нэгдсэн нь түүхэн чухал үйл явдал болсон гэж үзэж байна. Намын дарга Л.Оюун-Эрдэнийн илтгэлд, ЕНБД Д.Амарбаясгалангийн илтгэлд бусад үг хэлсэн хүмүүсийн илтгэлд энэ түүхэн үйл явдал дурдагдсаныг талархан хүлээн авч байна. Ингээд энэ нам бүтэн боллоо. Бүтэн болсон учраас бүтэн түүхээ цааш үргэлжлүүлэх бололцоо нээгдсэн гэж үзэж байна…
Хоёр намын нэгдэл том үлгэрлэл болсон. Гэхдээ агуу түүх алдаа, оноо аль алийг нь багтаадаг. Бидний оноо тусгаар тогтнол, бидний алдаа хэлмэгдүүлэлтийг зогсоож чадаагүй. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгэлийн тэнхээ гаргаж, алдаа гаргасныхаа төлөө уучлал гуйсан нь ёс суртахууны том алхам гэж үзэж байна. Бусдыг уучилна гэдэг агуу. МАН, МАХН бусдыг уучилж ирсэн. Үүний цаана эв нэгдэл, бүтээлч хөдөлмөр, хамтын ажиллагаа байдаг.
Хамгийн том алдаа бол хойшлуулах, тодорхойгүй байх. Хойшлуулсан алдааг засч болдоггүй. Өнөөдөр хойшуулахгүй байхын төлөө хуралдаж байна. Энэ зааланд ярьсан, шийдсэн, тохирсон болгоныгоо хойшлуулж болохгүй шүү, нөхөд минь. Маргаашнаас нь ажлаа эхлүүлэх ёстой шүү. МАН, МАХН хэзээ ч хариуцлагаас зугтаж байгаагүй.
Энд сууж байгаа та бүхэн маань өнөөдөр хурлаа дуусгаад нутагтаа буцна. Та бүхэн маань очоод энэ намынхаа шийдвэрийг хэрэгжүүлэх үйлд манлайлаарай. Та бүхэн манлайлагч, манлайлагч заавал ялагч байдаг. Та бүхэн минь манлайлж байж, ялж байж дахиад МАН сонгуульд ялалт байгуулна. Энд сайхан залуус байна. Тиймээс чадна, бид. Монголоо дахин зуун жилд хөгжлийн, эдийн засгийн тусгаар тогтнолоо авч ирж чадна.
1 comment
Zuun jil ch gex shig odoo bolio yu yariad bgan zuu baidhaa 50 jiliin umnux solongos yaj xigjij bn tvvx yarival bid arai l deer amidarch bsn bnlee