Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн /МБОИЗ/ үндэсний чуулган 12 дугаар сарын 07-ны өдөр буюу нөгөөдөр болох гэж байна. Энэ удаа Монгол Улсын усны салбарын тулгамдаж буй асуудлуудын хүрээнд “Цэнхэр алт-Ногоон хэрэм” сэдвийн дор Соёлын төв өргөөнд зохион байгуулагдах юм.
Тус хурлаар Монгол орны усны салбарт тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, гарц шийдэл эрэлхийлж холбогдох газруудад хүргүүлэх санал-зөвлөмжийн төсөл батална.
Мөн төр, иргэний нийгмийн байгууллага, ОУ-ын байгууллагуудын түншлэлийн хүрээнд 2024 он хүртэл шийдвэрлэх Монгол орны усны салбарын тулгамдсан асуудлуудыг холбогдох газруудад санал зөвлөмж хүргүүлж, үр дүнд чиглэсэн тодорхой бүтээлч ажлуудыг холбогдох газруудтай хамтран зохион байгуулах талаар хэлэлцэх юм.
Сүүлийн үед байгаль орчны хууль журмын эсрэг гэмт хэргийн төрлүүд нэмэгдэх болсон. Энэ талаар Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуяг илтгэл тавих юм.
Тус хуралд Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос “МСК-ын усны компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр” танилцуулна. Мөн Усны агентлагийн дарга Ш.Мягмар “Монгол улсын усны бодлого ба стратеги” сэдвээр илтгэл тавьж, МБОИЗ-ийн тэргүүн энэ чиглэлд хийгдсэн ажлаа тайлагнах юм.
Мөн Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн шинэ удирдлагын багийг сонгон батлаж, цаашдын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлох аж.