Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Төрийн худалдан авалт-2022” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Шадар сайд С.Амарсайхан, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул, Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөх, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Цэрэнсамбуу, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон төрийн захиргааны байгууллагууд, орон нутгийн өмчийн худалдан авах ажиллагааны нэгжүүд, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцов.
Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газрын 359 дүгээр тогтоолоор Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталсан. Энэхүү жагсаалтад Төрийн худалдан авах ажиллагааны газар 591.5 тэрбум төгрөгийн 173 төсөл, арга хэмжээ, аймаг, нийслэлд 1090.6 тэрбум төгрөгийн 342 төсөл, арга хэмжээ, 1412.0 тэрбум төгрөгийн 202 төсөл, арга хэмжээг төсвийн ерөнхийлөн захирагчид хэрэгжүүлэхээр байна” гээд цаашид төрийн худалдан авах ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах, эх оронч худалдан авалтыг дэмжих, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хиймэл оюун ухаан, сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгахын тулд хуульд шинэчилсэн найруулгын өөрчлөлт оруулахаар ажиллаж байгааг тодотгосон юм.
Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуулиар санхүүжүүлэх шинээр эхлэх төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийлээ. Нийт 717 төсөл арга хэмжээ хэмжээ хэрэгжүүлэхээс 543 барилга байгууламж, их засварын ажил, тоног төхөөрөмжийн 149 тендер зарлагдахаар байна. Эдгээрийн шалгаруулалтыг 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор зохион байгуулах бөгөөд бүх ажиллагааг цахимаар явуулах аж.
Үүнтэй холбогдуулан тендер шалгаруулалтад оролцож, шалгарсан аж ахуйн нэгжүүд гэрээний гүйцэтгэлийг эрчимжүүлэх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэв. Одоогоор эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл буюу хар жагсаалтад орсон 46 аж ахуйн нэгж байгаа бөгөөд илт худал мэдээлэл ирүүлсэн буюу тендерт хуурамч материал үйлдэж ирүүлсэн 34 аж ахуйн нэгж, гэрээний үүргээ зөрчсөн, мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан 12 аж ахуйн нэгж байна.
Түүнчлэн 2022 онд тендер зарлахдаа бичиг баримтуудыг нотариатаар батлуулахыг шаардахгүй, шалгарсан компанийн мэдээлэлтэй оролцогч байгууллагууд нээлттэй танилцахаар зохион байгуулна гэдгийг онцлов.
Компани, аж ахуйн нэгжүүдийн зүгээс тендер шалгаруулалттай холбоотой сонирхсон асуултууддаа холбогдох албаны хүмүүсээс хариулт авч, санал хүсэлтээ илэрхийллээ. Тухайлбал, тендерт шалгарсан боловч газрын асуудлаас болоод гүйцэтгэл нь хойшилдог, тендер зарлахаасаа өмнө газрын асуудлаа шийддэггүй, үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг ч биелүүлдэггүй, тендерийн хорооныхны хариуцлагыг нэмэгдүүлэх, оюуны өмчийг дээдлэх, дотоодын давуу эрхийг тооцох, төрийн худалдан авалтыг мэргэжлийн холбоодоор дамжуулан зохион байгуулах зэрэг саналуудыг хэллээ.
1 comment
batzul MUIS bagsh nartai niilj surgaltii luivar hiideg ajlaa zogsoogooroi