БНСУ-д 13 настай монгол охиныг солонгос охид хоёр өдрийн турш хорьж, зодож дарамталсан хэргийн асуудлаар иргэд эсэргүүцлээ илэрхийлж өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийлээ.
Тэд ”Энэхүү хэргийн өмнөөс БНСУ-ын ЭСЯ өөрийн албан хуудсаар дамжуулан уучлалт гуйхыг шаардаж байна. Түүнчлэн, хохирогч охинд сэтгэл зүйн болон бие махбодын хохирлыг нөхөн төлүүлэхэд анхаарах ёстой. Энэхүү хэрэгт албан ёсоор уучлалт гуйгаагүй тохиолдолд олон улсын хүний эрхийн байгууллагад хандана. Энэ хэргийг бид хоёр орны дипломат харилцааг бодолцон шударга найрсаг байдлаар шийдвэрлэхийг хүсэж байна” гэлээ
Харин БНСУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Ким Чоль Сан “Монгол Улстай бид дипломат харилцаа тогтоогоод 30 гаруй жилийн хугацаа өнгөрч буй үед ийм хэрэг гарсанд үнэхээр их харамсаж байна. Солонгос улсын зүгээс энэхүү хэргийг шударгаар шийдвэрлүүлж, шийдвэр гарсан даруйд Монгол Улсын элчин сайдад мэдэгдэнэ. Түүнчлэн одоогийн байдлаар БНСУ-д 40 гаруй мянган монгол хүн ажиллаж амьдарч байна. Цаашид ийм зүйл болгохгүйн тул анхаарч ажиллана” гэлээ. Мөн хохирогч охин болон гэр бүлийг хамгаалалтад авна гэдгийг хэлсэн юм.