Европын холбоо Пүрэв гаригт Беларусийн эсрэг тав дахь багц хориг арга хэмжээ авах тогтоолыг баталжээ. Польш, Беларусийн хил дээр Ойрх Дорнодоос ирсэн цагаачдын бөөгнөрөлд Минскийг буруутгаж байгаа Европын Холбоо энэхүү хориг албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэн мөчөөс эхлэн хүчин төгөлдөр болно хэмээн мэдэгджээ.
Тус холбооны мэдэгдэл хэвлэгдсэн сэтгүүлд хар жагсаалтад багтсан хүмүүс, байгууллагуудын нэр мөн багтсан байна. Түүгээр ч зогсохгүй Беларусьт хүний эрхийг зөрчсөн, цагаачдыг тээвэрлэхэд оролцсон 17 хүнийг зарлажээ.
Дүрвэгсдийн хямралтай холбогдуулан авах ЕХ-ны хориг арга хэмжээнд Беларусийн агаарын тээврийн «Белавиа» компани болон Сирийн “Cham Wings Airlines” компани өртөж магадгүй гэж “Bloomberg” агентлаг Лхагва гаригт эх сурвалжуудаас эш татан мэдээлсэн юм.
Тус мэдээнд Беларусийн азотын нэгдэл, бордоо үйлдвэрлэдэг “Гродно Азот” компани болон нефть химийн “Белоруснефть” компанийн нэр дурдагдаад байгаа юм.