Монголын үндэсний олимпийн хороо 9 сард хуралдахдаа 11 сард болох Их хурлаараа Олимпийн хорооны Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахаа мэдэгдэж байв. МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр согтуудаа хүн зодож, онц хүнд гэмт хэрэгт шалгагдаж байгаа нь тус хорооны Ерөнхийлөгчийн сонгуулийг яаралтай явуулах шаардлага үүсээд байсан юм.
Энэ долоо хоногт МҮОХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөхөөр таван хүн материалаа ирүүлжээ. Тэдний дотор
- Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга,
- МҮОХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Батболдын Баттүшиг,
- Буудлагын холбооны Ерөнхийлөгч Энэбишийн Мөнх-Очир,
- Одоогийн үүрэг гүйцэтгэгч Б.Наранбаатар нар багтаж байна.
Монголын их спортын нүүр царайг гадаад ертөнцөд илэрхийлэх МҮОХ-ны Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр биеэ бэлдэж байгаа хүмүүсийн дунд Монгол Улсын Ерөнхийлөгч асан багтаж байгаад гайхсан хүмүүс “дахиад л Баттулга” хэмээн тээршааж эхэлжээ.
Х.Баттулга Ерөнхийлөгчийн албан тушаалаас буугаад удаагүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажилласан. АН-ыг дотор нь хагалан бутаргаж, улс төрийн давцангаас арчигдахад нөлөөлсөн Х.Баттулгыг Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болоход улс төрийн хүрээнийхэн “Женко одоо МАН-ыг тараах нь” гэлцэж байсан юм.
Яг одоо сөрөг хүчнийхээ намын даргад зөвлөөд сууж байгаа Х.Баттулга албан тушаалд үнэхээр дуртай, амбицтай, ямар нэгэн Ерөнхийлөгчийн албан тушаалгүй л бол тайван байж чадахгүй хүн гэдгийг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөн нь нотолж байх шиг байна.
Х.Баттулгыг Монголын жудочдыг дэлхийн давцанд гаргасан гавьяатай нэгэн гэдгийг нийгмийн тодорхой хэсэг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ Монгол Улсын нэрийг дэлхийн давцанд өргөсөн Олимпийн баатруудыг их спортоос улс төр лүү хулгайлж, буруу замаар будаа тээлгэсэнд олон хүн дургүй байгаа.
Найдангийн Түвшинбаяр хэмээх дэлхийд данстай жудочийг МҮОХ-ны Ерөнхийлөгч болгон өргөмжилж, ааш авирыг нь эвдсэн Х.Баттулга одоо онц хүнд гэмт хэрэгт шалгагдаж байгаа Н.Түвшинбаярын эзгүйрүүлсэн МҮОХ-ны Ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөхөөр зэхэж байгааг ёс зүйтэй, хүн чанартай, хүнлэг сэтгэлтэй хүнээс гарах үйлдэл гэж хэлэхэд хэцүү юм.