Улсын онцгой комиссын шуурхай штаб Covid-19-өөс гадна малын гоц халдварт өвчинд анхаарч ажиллахаа мэдэгдэв. Малын гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх, тэмцэх зорилгоор вакциныг үе шаттайгаар татан авч байгааг Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-аас мэдээллээ. Цаашид малын халдварт өвчний эсрэг вакцины таталтыг нэмэгдүүлж, хөл хориог богино хугацаанд тогтоож, аймаг, орон нутгийг эрсдэлгүй байлгах тал дээр тус штабаас анхаарч ажиллах аж.
МЭЕГ-аас “Шүлхий өвчний гаралт сүүлийн саруудад эрс нэмэгдэж байна. Үүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд үндсэн гурван арга хэмжээ авдаг. Эдгээрт хорио цээр, ариутгал халдваргүйтгэл, вакцинжуулалт хамаарна. Шүлхий өвчинтэй тэмцэхээр Мал эмнэлгийн ерөнхий газраас зургадугаар сарын 18-наас хойш дөрвөн удаагийн татан авалтаар 11.6 сая тун шүлхийн вакцин авсан.
Хамгийн сүүлд гэхэд арваннэгдүгээр сарын 11-нд 1.6 сая тун шүлхийн вакцин авч, Дархан, Сэлэнгэ, Ховд, Дорнод, Төв, Архангай аймагт хуваарилж өгөөд байна. Мөн арваннэгдүгээр сарын 11-нд ОХУ-аас 2.5 сая тун вакцин ачуулсан. Энэ сарын 25-наас 27-нд Монголд буух зохицуулалт хийсэн.
Улсын онцгой комиссын шуурхай штаб зөвхөн Covid-19-ийн хоногт батлагдаж буй халдварт ажиглалт, судалгаа хийхээс гадна малын гоц халдварт өвчин болох шүлхийн тархалтад ажиглалт хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна” гэв.