УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам“ нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Уг тогтоолын төслийг байнгын хороогоор хаалттай хэлэлцсэн. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа горимын уг асуудлыг УИХ-аар мөн хаалттай хэлэлцүүлэх санал гаргасан ч гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Тогтоолын төслийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулав.
Япон Улсын Засгийн газраас “Улаанбаатар төмөр зам”-д 1995-2000 онуудад нийт 7.9 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газарт олгосон. Дээрх зээлийн үлдэгдэл дээр нь хүү, алданги тооцоход 2021 оны 3 дугаар улирлын байдлаар 160.6 тэрбум төгрөгт хүрээд байна.
“Улаанбаатар төмөр зам” ХНН нь санхүүгийн үр дүнгээр зээлийг бүрэн төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд Өрийн удирдлагын тухай хуулийн 32.2, 32.3 дахь заалтын дагуу “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн авсан зээлийн үлдэгдлийг төгрөгт шилжүүлэх, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш үүссэн алданги, хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, зээлийн тодорхой хэсгээс “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлж, үлдэгдэл төлбөрийг 2021-2025 онуудад улсын төсөвт төлөх асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж тогтоолын төслийг боловсруулсан.
Тогтоолын төсөлд зээлийн гэрээний дагуу үүссэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг Монгол Улс болон ОХУ-ын зүгээс тэнцүү хэмжээгээр нэмэгдүүлэх асуудлаар ОХУ-ын талтай хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
УБТЗ-ын хэлэлцээр анх 1949 онд байгуулагдсан. Хоёр тал хувь эзэмшдэг ч манай улсын нутаг дэвсгэр дээгүүр явж байгаа төмөр зам. Бусад социалист тогтолцоотой байсан улс орнуудын төмөр зам 100 хувь тухайн улсын өмчид шилжсэн байдаг. Гэтэл манайх 70 гаруй жил 50:50 хувьтай явж ирлээ. Үүнийг шийдэх ямар ажил хийж байна вэ. Мөн өнөөдөр хэлэлцэж байгаа УБТЗ-ын зээл ирэх оны төсөвт хэрхэн суусан бэ. Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажилд Оросын талтай ойлголцсон уу. Богдхан төмөр замын асуудалд Оросын талтай тохиролцсон уу. Оросын тал зөвшөөрөхгүй байгаа гэдэг яриа байгаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: 1949 оны хэлэлцээрийг өөрчлөх Монголын талын санал үндсэндээ дууссан. Оросын талтай энэ ажлыг эхлүүлэх ажлын хэсгийг байгуулъя гэдэг шатанд явж байгаа. Энэ яриа, хэлцэл цаашид үргэлжлээд явна.
УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэх асуудалд 2023 оны төсөвт сууна. Тиймээс ирэх оны төсөвт үүнтэй холбоотой асуудал тусгагдаагүй.
Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажилд Оросын талтай ойлголцсон уу гэж байна. Холболтын цэгүүд дээр УБТЗ-тай тохиролцоод асуудал шийдэгдсэн. Энд 100 хувь Монголын аж ахуйн нэгжүүд ажиллана гэдэг дээр ойлголцсон.
Богдхан төмөр замын тухайд энэ асуудал Оросын талд нээлттэй байгаа. Ер нь техник технолгийн хувьд Богдхан төмөр зам УБТЗ-ын үргэлжлэл байх нь хамгийн тохиромжтой учир Оросын тал энэ ажилд оролцох нь нээлттэй байх юм.
Сангийн сайд Б.Жавхлан: Энэ аж ахуйн нэгж нь өөрийн ашиг орлогоор дүрмийн сангаа нэмэгдүүлэх ямар ч боломжгүй явж ирсэн. Ачаа тээврийнх нь эргэлт нэмэгдэж байгаа учраас өөрөө өөрийгөө авч яваад байгаа юм. Цаашид УБТЗ-ын хүчин чадлыг нэмэгдүүлье гэвэл дүрмийн сангаа л нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгэхээр хоёр тал 50, 50 хувиар нэмэгдүүлнэ.
Энд яригдаж байгаа 131 тэрбум төгрөгийн 83.7 тэрбумыг дүрмийн санд нь оруулахаар Засгийн газар шийдвэрлэсэн.
Тийм учраас ойрын 1-2 жилийн хугацаанд Монголын төр энэ аж ахуй нэгжийн дүрмийн санг өөрт ногдсон хувь хэмжээгээр зайлшгүй нэмэгдүүлэх шаардлага байгаа юм. Харин төсвөөс нэмж мөнгө авалгүйгээр одоо байгаа авлагаа дүрмийн санд нь шилжүүлээд өгнө. Үүнд ямар нэгэн хөнгөлөлт, чөлөөлөлт байхгүй, төсвөөс мөнгө гарахгүй.
Үлдэгдэл 47 тэрбум төгрөгийн тухайд Оросын талтай хэлэлцээр хийгээд 2025 он хүртэл урт хугацаанд төлнө.