Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн сайд З.Мэндсайхан цаг үеийн асуудлуудаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Газар тариалангийн ургац хураалт энэ жил сайн байлаа. Хүнсний салбарт зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллалаа. Хаврын тариалалтад зориулсан зээлийг хугацаанд нь гаргасан. Түүнчлэн ургац хураалтад дэмжлэг үзүүлэх технологио шинэчиллээ. Мөн сортынхоо 30 хувийг шинэчилсэн. Одоогийн байдлаар ургац хураалт 97.3 хувьтай байна. Талбай дээр ургац хураалт дууссан. Ургацын гүйцэтгэлээр урьдчилсан баланс мөргөсөн.
Энэ жил тэжээлийн тарьмал түлхүү тарьсан. Улсын хэмжээнд
- 420.2 мянган га-д үр тариа үүнээс 389.4 мянган га-д улаанбуудай,
- 19.8 мянган га-д төмс,
- 9.9 мянган га-д хүнсний ногоо,
- 100.4 мянган га-д тосны ургамал,
- 100 мянган га-д тэжээлийн ургамал,
- 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 655 мянган га-д тариалалт хийсэн. Дотоодын хэрэгцээг хангах хэмжээний төмсийг бүрэн хурааж авлаа. Манай улс жилд дунджаар 310 мянган тоннын улаанбуудайн хэрэгцээ байдаг. Энэ жил 547.2 мянган тонныг хураан авлаа.
Хүнсний ногооны 99.1 хувийг хураасан. Энэ нь 110 мянган тонн бөгөөд өмнө нь дотоодын хэрэгцээний 47 хувийг хангадаг байсан бол энэ жил 60 хувийг хангах боломж бүрдэж байна гэсэн үг.
Мөн нэг онцлох таатай зүйл нь хувийн хэвшлийн “Жимикс” компани хоёр га газраас 10 тонн цагаан будаа хурааж авсан. Бага мэт сонсогдож байгаа ч энэ нь сайн зүйлийн эхлэл юм. “Хөсөг” цагаан будаа нэртэйгээр та бүхний гар дээр очно” гэлээ.