Нийслэлийн нийтийн тээвэрт өнөөдрийн байдлаар “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ, “Зорчигч тээврийн нэгтгэл” гэсэн нийслэлийн хөрөнгө оруулалттай хоёр компани, хувийн хэвшлийн 17 компанийн 960 гаруй автобус үйлчилгээнд явж байна. Эдгээрийн тал хувийг ирэх сард актад гаргахаар болсон ч ашиглалтын хугацааг нэг жилээр сунгажээ. Учир нь нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зарцуулах төсөв тодорхой батлагдаагүй байна.
Үйлчилгээнд явж буй 532 автобусны ашиглалтын хугацаа хэдхэн хоногийн дараа дуусах талаар албаныхан мэдээлсэн. Гэсэн ч эдийн засгийн боломжгүйн улмаас шинээр авч чадахгүй тул засварлаж, тоног төхөөрөмжийг нь сольж байгаа аж. Ийнхүү засварлаж, ашиглах хугацааг сунгаж байгаа ч хөдөлгөөнд оролцож байхдаа эвдэрч, олон цагаар түгжрэл үүсгэх асуудал гарсаар байгааг Тээврийн цагдаагийн алба болон зорчигч тээврийн нэгдлүүдийн төлөөлөл хэлж байна.
Актад гарах хугацаа нь болсон эдгээр автобусыг хэзээ шинэчлэх талаар Нийслэлийн нийтийн тээврийн газраас асуухад “Парк шинэчлэлтийн төсөв батлагдвал асуудалгүй” гэлээ. Автобусыг хамгийн дээд тал нь 12 жил ашиглах хугацаатай байдаг ч Монголд заасан стандарт хугацааг хэтрүүлж ашигладаг нь нэг талаар эрсдэл дагуулж буй юм.