Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нарын газраас “Үндсэн хуулийн эрх болон Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн гишүүд“ сэдвийн хүрээнд олон улсын 3 дугаар симпозиумыг 2021 оны 11 дүгээр сарын 10, 11-ний өдөр цахимаар зохион байгууллаа.
Симпозиумд Азийн улс орнуудын Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын төлөөлөгчид, эрдэмтэн, судлаачид оролцсоноос гадна Европын Зөвлөлийн Венецийн комиссын Ерөнхийлөгч Жанни Букиккио, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Чинбат нар хүндэт зочноор уригдан оролцов.
Симпозиумын үеэр “Ази дахь Үндсэн хуулийн эрхийн нийтлэг үнэт зүйлс ба ялгаатай талууд”, “Үндсэн хуулийн эрх: Шинэ сорилтууд”, “Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр болон хүний эрхийн түгээмэл байдал” сэдвээр тус тус үндсэн илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Түүнчлэн симпозиумд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган “Үндсэн хуулийн хяналт ба хүний эрхийн хамгаалалт” сэдвээр илтгэл тавилаа.
Нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нарын газраас эрхлэн гаргаж буй жил бүрийн судалгааны эмхэтгэлийг бэлтгэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд тогтмол идэвхтэй оролцож байна гэж Үндсэн хуулийн Цэцээс мэдээллээ.