“Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн байдал ба суурьшлын бүс” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Хэлэлцүүлгийн үеэр тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглалтын байдал, суурьшлын бүсийн хүрээнд анхаарах асуудал, цаашид авах арга хэмжээний талаар Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг илтгэл тавив.
“Налайх дүүрэг нь 68,000 га нутаг дэвсгэртэй. Газар ашиглалтын байдлаас харвал
- 51.1%-ийг улсын тусгай хамгаалалтад авсан газар, цэвэр усны ай сав
- 10.2%-ийг суурин газар нь
- 22.8%-ийг хөдөө аж ахуйн зориулалттай газар
- 14.6%-ийг ой хээрийн бүс
- 1.3%-ийг авто зам эзэлдэг.
Хотын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Налайх дүүрэг рүү суурьших иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа энэ үед газрын асуудал тулгамдсан асуудлын нэг болсон” хэмээн С.Тунгалаг илтгэлийнхээ эхэнд танилцууллаа.
Үргэлжлүүлэн “Налайх дүүргийн 1, 6 дугаар хороо нь тусгай хамгаалалттай газарт хамрагддаг. Горхи -Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай газар нутагт 229 малчин айл өрх байдаг. Ихэвчлэн Баруун салаа, Болор, Өгөөмөр, Нарлаг, Шилжрээ, Ар өгөөмөр, Өлийн булан гэх мэт 12 нэршлийн газруудад өвөлжиж, зуншиж, хаваржсаар ирсэн. Горхи -Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт сүүлийн үеийн тооцооллоор жилд дунджаар гадаадын 26,800, дотоодын 147,800 гаруй жуулчид аялдаг. Газар ашиглалтын байдлыг харвал аялал жуулчлалын бүсэд үйл ажиллагаа явуулж буй 380 ААН-ээс 150 нь зөвшөөрөлтэй, газрын гэрчилгээтэй хэрнээ газраа огт ашиглаагүй байгаа юм.
Түүнчлэн Горхи- Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг зорьж 2021 оны баяр наадмаар /10-15 хоногт/ 80-90 мянган жуулчин зорчсон. Налайх дүүрэг тус хоногуудад аялагчдаас үүссэн нийт 452 тонн хог хаягдлыг 88 рейсээр ачиж тээвэрлэсэн юм. Хог ачих ажлын хүрээнд нийт 74 төрийн албан хаагч ажилласан бөгөөд хог хаягдлын олон нийтийн 13 байцаагч ажиллуулсан.
Тусгай хамгаалалтын газрын тухай хууль, орон нутгийн эрх хэмжээ журам, дүрмүүд зэрэг нь хоорондоо зөрчилддөг. Өөрөөр хэлбэл дүүрэг бүрэн эрхийн хүрээнд тусгай хамгаалалтын нутагт дэвсгэртээ хэрэгжүүлэх ажлын эрх хуулийн хүрээнд хомсдол. Тэгсэн хэрнээ хийх ажил, зарцуулах хөрөнгө бол төрийн үйлчилгээ гэдэг нь хүндрэлтэй асуудал. Төрийн үйлчилгээг хүргэх хэрэгтэй гэх үүднээс орон нутаг боломжийнхоо хэмжээгээр зохицуулж өдийг хүртэл яваа” гэв.
Дүүргийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлийн таван заалтыг хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа аж.
Тус дүүргийн хувьд тулгарч буй асуудал:
- Хилийн цэсийн маргаан, төрийн үйлчилгээ, хог хаягдлын цэвэрлэгээ, байгаль орчны бохирдол, татвар төлбөр
- Газар олголт нийслэл, дүүргийн төлөвлөлттэй уялдаагүй.
- Иргэдэд төрийн үйлчилгээ хүргэхэд автомашины нэвтрэх орц, гарцыг ААН-үүд хашаагаа сунгаж татан хаасан.
- Газар олголтын нэгдсэн төлөвлөлт байхгүй нь хөрөнгө оруулалтын ажил хийгдэх боломжгүй зөрчилдөөн үүсдэг.
- Тусгай хамгаалалттай газар нутаг орших суух газар гэрчилгээгээ авч чадахгүй байгаа явдал гэдгийг тэрбээр нэмж онцоллоо.