УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.11.09/ хамтарсан хуралдаан 09.31 цагт 51.7 хувийн ирцтэйгээр эхэлж, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Хамтарсан хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдсэн бөгөөд завсарлагын хугацаа өнөөдөр дууссан юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр үргэлжлүүлэн хэлэлцсэн бөгөөд гишүүд хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан хууль санаачлагчаас болон бусад оролцогчоос асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар нар Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах гэсэн зүйлийн талаар тодруулсан. Гишүүд, УИХ-ын гишүүд болоод төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдээлэл олон нийтэд ил байдаг. Хөрөнгө, орлогын мэдээлэл, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийг мэдээллийн эзнээс зөвшөөрөл авч байж сэтгүүлчид ашиглах асуудал үүсэх үү хэмээн лавласан.
Хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Учрал, сэтгүүлчид сэтгүүл зүйн зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээлэл цуглуулж ашиглахаар бол мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах шаардлагагүй байхаар хуулийн төсөлд өөрчлөлт оруулж байгаа. Гэхдээ мэдээллийн эх сурвалж нь үнэн бодитой байх ёстой. Бусдыг гүтгэж, нэр хүндэд халдсан бол бусад хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзэн болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй гэдгийг энэ хуулийн төсөлд тодотгосон гэсэн хариултыг өгсөн.
Хэлэлцүүлгийн үеэр сургуулийн багш нар сурагчдаас эцэг, эхийн эрхэлдэг ажил, албан тушаал, өрхийн орлого болоод хувийн мэдээллийг шаардаж авдаг асуудлын талаар хөндсөн бөгөөд цаашид энэхүү хуулиар багш зөвхөн сурагчдад хичээлээ заадаг, сурагчдын гэр бүлийн байдал, эцэг, эхийн орлого, албан тушаалын талаар мэдээлэл авах явдлыг хориглоно гэдгийг ажлын хэсгээс тодотгосон.
Түүнчлэн дуу, дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулах, түүнийг ашиглахтай холбоотой хуульд заасан зүйлийн талаар гишүүд нухацтай хэлэлцсэн. Дуу, дүрсний төхөөрөмжийг хаана байршуулж болох, бусдын дуу, дүрсний бичлэгийг задруулна хэмээн сүрдүүлдэг, бусдын нэр хүндэд халдахыг оролддог явдал олноор гарах болсныг гишүүд дурдаад, ийм үйлдэлд оноох хариуцлагыг чангатгах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байлаа. Хуулийн төслийг зүйл тус бүрээр хэлэлцсэн, Ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсны эцэст Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Мөн хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Учрал ахлан ажилласан бөгөөд Ажлын хэсэг Тагнуулын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний дата төвийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцжээ.
Ажлын хэсэг хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай нийцүүлэх, хуулийн төслийн уялдааг хангах, нэр томьёо, хэл найруулга, агуулга, бүтцийн шинжтэй зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн хуралдаанаараа нэг бүрчлэн хэлэлцэж, олонхын саналаар дэмжигдсэн саналуудыг Байнгын хорооны хуралдаанд танилцуулж байгаагаа Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулсан юм. Үүнд:
1.Нийтийн мэдээлэл хариуцагч нь өөрт байгаа мэдээллийг хүн хуулийн этгээдээс шаардахгүй байх талаар хуулийн төслийн зарчимд нэмж тусгахаар;
2.Мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн суралцаж байгаа улс, сургуулийн нэр, мэргэжил, суралцах хугацаа, мэдээлэл хариуцагчаас санхүүжүүлсэн сургалтын зардлаас гадна “гэрээний хэрэгжилт”-ийг байнга, нээлттэй, ил тод байлгахаар;
3.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийн дагуу маргаан хянан шийдвэрлэсэн ажиллагааны дүн мэдээг Үндсэн хуулийн цэц хариуцаж байнга, ил тод, нээлттэй байлгахаар;
4.Мэдээлэл хариуцагчаас бусад хуулийн этгээд нь иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ үндсэн болон дэмжих системийг ашиглаж болох бөгөөд энэ тохиолдолд Засгийн газраас баталсан аргачлалын дагуу зардал төлөхөөр;
5.Засгийн газрын бүтцийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтэй нийцүүлэн Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болгох саналуудыг танилцуулсан юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Нийтийн мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилаад хязгаарлалттай мэдээллийг олж авахад заавал мэдээлэл хариуцагчаас зөвшөөрөл авахаар тусгажээ. Хязгаарлалттай мэдээллийг ямар үндэслэлээр төсөлд оруулсан бэ хэмээн тодруулсан.
Ажлын хэсгээс тайлбарласнаар, хязгаарлалттай мэдээлэлд тухайн иргэний зөвшөөрлөөр өгөх мэдээллийг хамруулж байгаа бөгөөд эрх бүхий албан тушаалтан хандахад нээлттэй юм байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын мэдээллийг хуульд заасан хязгаарын хүрээнд олон нийтэд хүргэх шаардлагатай болдог гэдгийг Ажлын хэсгээс тодотгосон. Түүнчлэн төрийн хяналт шалгалтын явцад мэдээллийг бүгдийг нь ил болгохгүй бөгөөд аливаа шалгалт дуусаагүй байхад тухай шалгуулж байгаа байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй учир ийнхүү хязгаарласан хэмээсэн. Мөн хосгүй үнэт бүтээлүүдтэй холбоотой мэдээлэл хязгаартай байх учиртай гэсэн хариулт өгсөн юм.
Түүнчлэн нийтийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох, түүнийг ямар тохиолдолд үнэ төлбөртэйгөөр ашиглуулах асуудлыг гишүүд хөндөж байлаа.
Ажлын хэсгээс, хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр, тэдгээрийн эрэлт, хэрэгцээг харгалзан эдийн засаг, бизнесийг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй, хязгаарлалттай болон хаалттай мэдээллийн хүн, хуулийн этгээд, төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг тодорхойлох боломжгүй болгон боловсруулж нээлттэй өгөгдөл болгож болно хэмээн хуулийн төсөлд тусгасан гэсэн тайлбар өгсөн.
Нээлттэй өгөгдлийг мэдээлэл хариуцагч өөрийн цахим хуудас болон төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системд нийтлэх бөгөөд төлбөргүйгээр ашиглуулж болох аж. Гэхдээ нээлттэй өгөгдлийг нийтлэхээс өмнө авах хүсэлт гаргасан бол мэдээлэл хариуцагч нээлттэй өгөгдлийг төлбөртэйгөөр өгч болно гэж төсөлд тусгасан гэсэн хариулт өгсөн юм.
Хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.