Хязгаарлалт тогтоогоод байсан урлаг, соёлын үйл ажиллагааг өнөөдрөөс хэвийн явуулж эхлэх талаар Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:Монгол Улс цар тахлаас хамааралтай нийт зургаан удаагийн хатуу хөл хорио тогтоосон. Улсын эдийн засагт хүндрэл учирч, түүхэндээ 9.2 хувийн агшилттай байсан. Зөвхөн Монголын хувьд ч биш дэлхий нийтэд эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Харин өнөөдрөөс зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг заал дүүргэлт 50 хувь байхаар зохицуулалт хийж нээж байна. Энэ шийдвэрийг гаргах болсон гол шалтгаан нь вакцин. Иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдсан учраас цаашид хөл хорио тогтоохгүйгээр хэвийн амьдарна. Саяхан Covid-19-ийн вакцинжуулалт дөнгөж эхэлж байсан бол өнөөдөр вакцины хангалттай нөөц байна. Дэлхийн олон улс оронд вакцин хийж эхлээгүй байгаа. Харин Монголд вакцинжуулалт эхэлснээс хойш нэг ч хатуу хөл хорио тогтоогоогүй. Тиймээс нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг хүсч байна.
Цар тахал нийгмийн амьдралын хэв маягийг бүхэлд нь өөрчилсөн. Хэдийгээр үзвэр үйлчилгээг үзэх боломжтой ч иргэд заавал нэмэлт тунд хамрагдсан гэрчилгээгээ үзүүлж зааланд орох боломжтой. Эсвэл 20 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ өгч байж үзвэр, үйлчилгээ үзэх боломжтой. Соёл, урлагийн салбар, спортын үйл ажиллагаа зохион байгуулахад хамтран ажиллаж, нэмэлт тунг идэвхтэй хийлгэхийг иргэдээс шаардахыг хүсч байна. Хувийн хэвшлийн салбарыг Засгийн газраас илүүтэй дэмжихийг зорьж байгаа. Улбар шар түвшинд байгаа ч дараа дараагийн салбаруудыг нээхээр төлөвлөж байгаа. Хэрэв зорилтот бүлгийн 50 хувь нэмэлт тунд хамрагдвал “шар” түвшинд тун удахгүй шилжих болно.