Урлаг, спортын зарим арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нээс нээж байгаатай холбогдуулан УОК, НОК хамтарсан мэдээлэл хийж байна.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: “Амаргүй нөхцөл байдалд ажил амьдралаа урагшлуулах, хүсээгүй хүндрэлийг хамтдаа давахад тодорхой ахиц дэвшилтэй урагшлах боломж бүрдүүлж ирсэн иргэддээ талархал илэрхийлье.
Олон улсын эрдэм шинжилгээний байгууллагуудаас цар тахал ойрын жилүүдэд арилахгүй гэж дүгнэсэн. Тиймээс аль болох хөл хорио тогтоохгүйгээр, дасан зохицож, амьдрал ажлаа зохицуулах арга хэмжээ, шийдвэр бодлого гаргаж байна.
Өнөөдрийн байдлаар хоёрдугаар тунд нийт хүн амын 69% хамрагдсан бол гуравдугаар тунд хамрагдалт 23%-тай явж байна. Цаашид гуравдугаар тунд хамрагдах шаардлагатай 1.5 сая иргэн бий. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр тундаа хамрагдаагүй 116 мянга, хоёрдугаар тундаа хамрагдаагүй 103 мянган иргэн байна. Өөрөөр хэлбэл, 220 мянган хүн үндсэндээ дархлаагүй буюу вакцинд хамрагдаагүйтэй адил байгаа учраас халдвар нэмэгдэх эрсдэл байна гэж үзэж байгаа” гэв.