Төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьж 100 гаруй компанийн төлөөлөл мэдээлэл хийж, барилгын гол эд материалын үнэ өссөнөөс болж төслөө үргэлжлүүлэхэд хүндрэл учирч байгаа тул өмнөх оны төсөвт суулгасан дүн дээр үнийн өсөлтийн зөрүүг бодож 2022 оны төсөв хэлэлцэх үер зардлыг суулгаж өгөхийг Барилга хот байгуулалтын сайд болон Сангийн сайдаас хүссэн.
Тэгвэл эл мэдээллийн дараа Барилга хот байгуулалтын яамнаас хариу тайлбар өглөө. Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хэлэхдээ “Барилгын материалын үнийн өсөлт манай салбарт тулгамдсан асуудал болоод байна. Үнийн өсөлтөд нөлөөлсөн шалтгаанууд бол тээвэрлэлттэй холбоотой асуудал, олон улсын зах зээл дээр зарим төрлийн бүтээгдэхүүн түүхий эд огцом өссөн, салбарын ажилтнуудын цалин өссөн явдал.
Монгол Улсын 2021 оны төсөвт 1000 орчим төсөл үнийн өсөлтөд өртсөн. Өнөөдөр 100 орчим компани 60 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгаж өг гэж байна. Гэтэл бид 1000 төслөөс 100 төслийг нь таслан авч шийдэх боломжгүй. УИХ-ын Төсвийн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хэсэг дээр тооцоо судалгаагаа танилцуулж, бүх хувилбаруудыг ярьж байна. Ажлын хэсэг өнөөдөр 14.00 цагт хуралдана” гэв.