Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар АНУ-аас байр сууриа илэрхийлсэн Ч.Сайханбилэгийн мэдэгдэлд Ардчилсан намын гишүүд байр сууриа илэрхийлээд эхэлжээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ломбын Эрхэмбаяр өөрийн цахим хуудаст тэмдэглэгдсэн байр суурийг хүргэж байна.
Л.Эрхэмбаяр: Битгий ард түмнийг тэнэг, юу ч ойлгодоггүй гэж доромжилж уур хүргээд бай. Аятайхан бай хүүхээ. Тэсэж чадахгүй хэдэн үг хэлчихье. Чи болон бүлэглэл нууцаар Дубайд очсон. Чи Рио тансаг зардлаар ашигаа авсаныг нь хүлээн зөвшөөрсөн, Риогоос өндөр хүүтэй мөнгө ОТ-д зээлүүлж мөнгө хүүлэх боломж олгосон, дагалдах баялагаас АМНАТ татвар тооцохгүй гэж УИХ-ын эрхэнд халдаж, ард түмнийг хохироосон, угаасаа гэрээнд өөрчлөлт оруулах явдал чиний болоод бүлэглэлийн мэдэх асуудал биш. УИХ-ын эрхийн асуудал байсан. Та нар хулгайгаар явсан.
Монгол улсыг 2053 он хүртэл өрийн дарамтанд оруулсан гэрээ биш төлөвлөгөө хийж ирсэн. Дубай бол УИХ-д танилцуулаагүй. Цэвэр хуйвалдаан, асар том мөнгөний луйвар явсан гэрээ биш төлөвлөгөө. Аль өнгөрсөн зууны Эрдэнэттэй жиших нь маш оновчгүй зүйрлэл байна.
Дуугүй байхаар “номхон тэмээ ноолоход амар” гэгчээр ард түмнийг битгий доромжлоод усан тэнэг, юу ч ойлгодоггүй мал гээд бай. Чи олон юм яривал олон түмний уур бухимдлыг улам ихээр хүргэнэ гэдгийг нэгэн цагт намын журмын нөхөр явсны хувьд зөвлөе. Энэ их олон түмний уур хилэнгийн үед амьд мэнд байгаагаа их юм гэж бод. Ард түмэн харин ч та нарын үйлдлийг ойлгох гэж хугацаа орлоо, тэвчлээ, тэслээ.
Одоо тэвчээр алдагдаж удахгүй сэрнэ. Жич: Улс орноо худалдчихаад байхад тэднийг өмөөрөөд байгаа хүмүүс ичиж амьдраарай. Жаахан хусам долоосон болоод тэгдэг биз” гэжээ.