УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголын товыг тогтоох тухай асуудал хэлэлцлээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга болон Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаан даргалагч С.Бямбацогт танилцуулав.
Танилцуулга болон тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Энхбаяр нар Байнгын хорооны даргаас нэр дэвшигчид болон сонгон шалгаруулалтын талаар асуулт асууж, хариулт авсан.
Ийнхүү УИХ-ын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.6 дахь хэсэг, Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.5 дахь заалтыг үндэслэн
- УИХ-ын зүйн байнгын хорооноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг 2021 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулах,
- Томилгооны сонсголд оролцох ажиглагчийн тоог 15 хүртэл байх тухай Байнгын хорооны тогтоолын төсөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батлагдлаа хэмээн УИХ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.